Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2013 оны 11 сарын 30-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Уг журмыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд одоо мөрдөгдөж байгаа журмаас шалгуур үзүүлэлт, үнэлгээг илүү бодитой болгожээ. Тодруулбал, “нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт” гэх мэт шалгуураар үнэлж байна. Энэ үнэлгээ нь ЕБС, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдыг “цаас”-аар үнэлэхэд хүргэж, улмаар багшийн ажлын ачааллыг нэмэгдүүлэхэд хүрчээ. Иймээс цаасан дээр буусан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр бус хүрсэн үр дүн, ахиц, амжилтаар багш, ажилчдыг дүгнэх шинэ журмыг боловсруулсан байна.
Сургууль, цэцэрлэгийн багш 9 төрлийн шалгуур, 36 үзүүлэлтээр ажлаа үнэлүүлэхийн зэрэгцээ 4 төрлийн шалгуур, 12 үзүүлэлтээр улирлын мөнгөн урамшил авч, нийт 48 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж ирснийг 5 төрлийн 12 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж, үр дүнгээ тооцуулан урамшил авахаар шинэчиллээ. Ингэж дүгнэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх бүтээлч ажлын ахиц, амжилтад тулгуурлах юм.