logo
“Авлигын эсрэг” фото зургийн уралдаан шилдгээ шалгарууллаа

“Авлигын эсрэг” фото зургийн уралдаан шилдгээ шалгарууллаа

2013/12/11
“Авлига би авахгүй, би өгөхгүй” аяныг МЗХ өнгөрсөн 4-р сараас эхлэн өрнүүлж байгаа. Аяны хүрээнд “Авлигын эсрэг” фото зургийн уралдаан, авлигагүй тоолуур ажиллуулж 10 мянга гаруй залуусыг нэгтгэсэн, “Залуучууд авлигын эсрэг хамтдаа”, “Залуусаа сэрэх цаг боллоо” зэрэг томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулсан бөгөөд  хамгийн сүүлд гэхэд АНУ-ын “Азийн сан”-ийн дэмжлэгтэйгээр авлига.мн сайтыг ажиллуулж эхлээд байна. Аяныхаа хүрээнд “Авлигын эсрэг” сэдэвт фото зургийн уралдааныг 10-р сарын 22-оос, өнгөрсөн 11-р сарын 15-ны хооронд зарласан юм. Энэ хугацаанд нийт 30 гаруй бүтээл МЗХ-н дээр ирсэн бөгөөд өнгөрсөн 11-р сарын 19-өөс 27-ны хооронд долоо хоногийн туршид Online ертөнцөөр хамгийн олон санал авсан шилдэг 10 бүтээлийг шалгаруулсан юм. Like-1 санал , share-2 санал гэсэн зарчмаар хамгийн их оноо цуглуулсан шилдэг 10 бүтээлээс шүүгчид шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан юм. Уралдаан нь нийгэм дэх ашиг сонирхлын зөрчил, авлига, шудрага бус байдлын эсрэг залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх, авлигаас үүсч буй муу үр дагаваруудыг ил тод харуулахад гол зорилго нь оршиж байна. 12-р сарын 9 “Авлигатай тэмцэх” энэхүү өдрийг угтаж “Авлигын эсрэг” фото зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр МЗХ-ны байранд үзэсгэлэн гаргасан бөгөөд өнөөдөр шилдэг бүтээлүүдийн эздэд шагналыг нь гардуулсан юм. “Авлигын эсрэг” фото зургийн уралдааны 1-р байрыг Г.Оюунтунгалаг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 1-р курсын оюутан хүртэж өргөмжлөл, 1 500 000 төгрөгний “Номин” холдингоос бараа худалдаж авах эрхийн бичиг, 2-р байрыг Ү.Одбаяр “Ардчилал” өдөр тутмын сонины зурагчин хүртэж өргөмжлөл, 1 000 000 төгрөгний “Номин” холдингоос бараа худалдаж авах эрхийн бичиг, 3-р байр Т.Ган-Эрдэнэ МУИС-ийн Математик компьютерийн сургуулийн 4-р курсын оюутан хүртэж өргөмжлөл, 800 000 төгрөгний “Номин” холдингоос бараа худалдаж авах эрхийн бичиг, тусгай байрын 7 бүтээлийн эзэд өргөмжлөл, 100 000 төгрөгний “Номин” холдингоос бараа худалдаж авах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа. МЗХ-оос санаачилсан энэхүү фото зургийн уралдааны хамтран зохион байгуулагчаар Авлигатай тэмцэх газар, Азийн сан, ерөнхий ивээн тэтгэгчээр “Номин” холдинг оролцсон байна. МЗХ 2014 онд авлигын эсрэг иргэд залуучуудаа уриалсан, нэгтгэсэн, томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Та бүхэн “Авлигын эсрэг” фото зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг үзэж, танилцахыг хүсвэл МЗХ-ны байран дээр ирж үзэж болохоос гадна, zun.mn, avliga.mn сайтруу орж сонирхож болох юм байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш