logo
Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам гарлаа

Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам гарлаа

2013/12/16

Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Зөвхөн Улаанбаатарт интернэт кафе, цахим тоглоомын газар 500 гаруй байдаг бөгөөд энд насанд хүрээгүй хүүхэд, залуучууд ихэвчлэн тоглож,  аллага хүчирхийлэлтэй тоглоомыг хэсэг бүлгээрээ баг болж олон цагаар, хоногоор тоглож, архи тамхи хэрэглэж, садар самуун вэб хуудас үзэх зэрэг сөрөг үр дагавар гарч эцэг эхчүүд, багш нарын сэтгэлийг ихээр зовоох болсон. Энэ байдлыг зохицуулах “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгалаа.

Энэхүү журам нь цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдэж байна.

Журамд зааснаар интернэт кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож байгаа юм. Мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадна орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20, өвлийн улиралд 18 цаг хүртэл үйлчлэх, үйлчилгээний ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх зэрэг зохицуулалт оржээ.

Энэ журмаар цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, бичиг баримт, эд зүйлс, барьцаалан үйлчлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь хориглолоо.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш