logo
Мэндчилгээ

Мэндчилгээ

2013/12/16
Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэн мэндчилье. Өнгөрч буй 2013 онд Монголын Залуучуудын Холбоо зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуучуудынхаа төлөө шинэ бодлого хөтөлбөрөөр ажиллаж, “Залуусаа Оролцъё” уриан дор бүхий л ажлуудаа зохион байгуулж, залуусынхаа оролцоог хангасан, бодит үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хийсээр байна. 2013 онд Монголын залуучууд сэрлээ. Хичээвэл хийж, хүсвэл хамтарч чаддаг гэдгээ харууллаа.
 
Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадлаа. Үүний тод жишээ нь 2014 онд Монгол Улсад анх удаа “Азийн Залуучуудын чуулган”-ыг зохион байгуулах хүндтэй бөгөөд нэр төртэй эрхийг авч чадсан явдал байлаа. Энэ дашрамд бидний үйл ажиллагаа амжилт бүтээл дүүрэн байхад хамтран ажиллаж,  дэмжсэн төрийн болон төрийн бус байгууллагынхан, бизнес эрхлэгчид, аймаг орон нутгийн удирдлагууд та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье. 2014 онд бидэнтэй улам нээлттэй, бүтээлч, үр дүнтэй нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагааг бий болгохыг нийт байгууллагууддаа уриалж байна.
Энэ онд залуучуудад зориулсан хамгийн үр дүнтэй эхлүүлсэн ажил бол 8%-ийн орон сууцны зээл байсныг залуу хүн бүр, гэр бүл бүр сайшааж байгааг бид цохон тэмдэглэж байна. 
 
Монголын залуучууд бол Монголын сайн сайхан гэрэлтэй ирээдүйг цогцлоон бүтээгчид билээ. Тиймээс залуу хүн бүрийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтэн болох, гэр бүлээ хайрладаг, сайн аав ээж болон төлөвших, хүмүүнлэгийн сайн санааны аливаа үйл ажиллагаанд сэтгэлээсээ оролцдог сайн дурынхан, нийгмийн идэвхтэй иргэн байх, Монгол эх орноо гэсэн чин сэтгэлтэй болж төлөвшихөд Монголын Залуучуудын Холбоо 2014 онд гол бодлого зорилтоо чиглүүлэн, анхаарал хандуулан ажиллах болно.     
 
Ирж буй жил Монголын залуучуудын хувьд Шинэ эргэлтийн жил байх болно. Ээлжит V Их хурлаа Монголын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуусаа цуглуулан чуулж, шинэ бодлого, шинэ үйл ажиллагаа, шинэ зорилтоо тодорхойлно. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй залуусаа дэмжих уриалах зорилготой зохион байгуулагдсан “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд “Ардын элч” нэрээр улам өргөжин хэрэгжих болно.     
 
Ингээд Монголын нийт залуучууд, МЗХ-ны үе үеийнхэн, ахмад ажилтнууд, байгууллага, баг, хороо, дүүрэг, 21 аймгийн Залуучуудын Холбоо, Залуучуудын хороо, зөвлөл, дэргэдэх байгууллага, холбоодын тэргүүлэгчид, идэвхтэн сонгуультнууд, нийт дэмжигчиддээ, Угтан ирж буй шинэ ондоо шударга байж, амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.                            
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ     АЮУШИЙН МӨНХБАТ

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш