Нийслэлийн хүүхэд багачуудын шинэ жилийн баяр наадмыг өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж, хүүхдийн идэвх санаачлагыг нэмэгдүүлж, оролцоог тэгш хангахын тулд “Хүслийн шинэ жил” хүүхдийн сүлд модны багт наадмыг НЗДТГ-аас зохион байгуулахаар боллоо. “Хүслийн шинэ жил” багт наадамд нийслэл, дүүргийн шилдэг хүүхдүүд оролцохоос гадна дүүрэг бүрээс 50 хүүхдийг сонгон оролцуулах юм. Гэхдээ энэхүү наадамд аль болох бага орлоготой, зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг түлхүү оролцуулахыг онцгой анхаарч ажиллаж байна. Багт наадамд оролцох хүүхдүүд нь 10-15 насных байх бөгөөд хүүхдүүд өөрсдөө дуртай үлгэрийн баатар, хүүхэлдэйн кино, олны танил хүн гэх мэт дүрд хувирах учраас бусад шинэ жилийн баярын наадмуудаас өвөрмөц, шинэлэг болно гэж зохион байгуулагчид үзэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.