logo
Нам дамжин, мөнгө бараадагч Дундговийг сонирхох болжээ

Нам дамжин, мөнгө бараадагч Дундговийг сонирхох болжээ

2013/12/19

Дундговиос ирж байгаа мэдээ нутаг нэгтнүүдийн санааг зовоосоор байна. Аймаг орныхоо хөгжлийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй Засаг дарга нь огцорлоо гэсэн. Бараг бүтэн жил Засаг даргын зөөлөн суудалд тухласан С.Сүхбаатар гэгчийн оронд хэн болох нь олны сонирхол татаж байгаа бололтой. Сая огцорсон Засаг даргыг сонгогдоход түүнийг хүлээн зөвшөөрөөгүй хоёр эрхэм МАН-аас гарч АН-д элсэхээ илэрхийлсэн.

Тэд АН-ын батлахаа авснаар болон угшил нэгтэй МҮАН-ын  нэг төлөөлөлтэй нэгдсэнээр  МАН, АН-ын хүчний харьцаа 17:18 болж ИТХ-д АН олонхи болоод байгаа аж. Ингэхээр энэ аймгийг АН засаглах нь тодорхой болж байх шиг. Гэтэл Ц.Ганхүү гэж нөхөр хаанаас ч юм гарч ирээд Дундговийн Засаг даргад өрсөлдөхөөр дээгүүр доогуур гүйн нойргүй хонож яваа гэлцэнэ. Юун хүн хаанаас гараад ирэв гэтэл аль нам эрх барина, хаана мөнгө байна, тэнд шургаж амждаг сүйхээтэй эр, бүр тэр аргаараа хорь гаруй жил амь зууж яваа овсгоотой нэгэн гэнэ. Энд тэнд томхон улс төрчийн суганд багтан шургадаг ч тоймтой амжилт гаргаж олонд танигдсан удаагүй, харин бэл бэнчингээ зузаалж аваад дараагийн нүүдлээ хийсээр ирснийг учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм байх.

Анх Ц.Ганхүү гэгч хэн ч үл мэдэх нөхөр нэг ангийн эрхэм болох Ж.Наранцацралт агсныг даган “Хонины бэлчээрт” гарсан  бололтой юм. Түүнийг Улаанбаатар хотын захирагч болоход л МАХН-ын хуучин гишүүн тэр хотдоо л томд орох мөнгө төгрөг мэддэг байгууллагыг толгойлж мөнгөний амтанд орсон гэгддэг юм байна. 

Ингээд өөрийн намаа орхин Ардчилсан намын гишүүн Ж.Наранцацралтын сонгуулийн хоёр ч компанид менежерээр ажиллан МАХН Дундговийн нэг тойргоо өрсөлдөгч намдаа алдахад том хувь нэмэр оруулж төрөлх намынхаа царайг ичих булчирхайтай л бол эргэн харахааргүй болсон гэдэг. 

Ингээд Ж.Наранцацралт хаана очно, тэнд удаах шадар нь болж өгссөөр нэгэн яамны төрийн нарийн бичгийн дарга болсон нь мань эрийн хувьд зүүдэнд ч оромгүй өндөр хэргэм байв. Харамсалтай нь төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Наранцацралт хорвоогийн мөнх бусыг үзсэн нь Ц.Ганхүүг чухам л “нялхаар нь өнчрүүлэв”.  Ингээд ажил алба ч үгүй хоцорсон Ц.Ганхүү дараагийн нүүдэл хийн  ҮШН гэдэг намаас УИХ-ын Дундговийн тойрогт  нэр дэвшихдээ АН-ынхныг талийгаач найзынхаа нэрээр урвуулан бужигнуулсаар “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр санал тарамдуулан  өөрөө ч УИХ-д гарсан юмгүй, АН-ын нэр дэвшигч ч сонгогдолгүй өнгөрч байсан балагтай хүн гэнэ. Бүр сонгуулийн зардал, энэ тэрээсээ болон Ж.Наранцаралт агсныхаа гэр бүлийхэнтэй түнжин хагарч, сүрхий муудсан тухай хэвлэлээр шуугиад авсан удаа бий.

Харин Ганхүү ялагдлаасаа ч “юм” шүүрэх овсгоотой хүн тул “Танай суудлыг эргүүлэн авчирч өглөө” гэж  эрх барих болсон МАХН-д тал засан дагаж гүйсээр бас л нэг мөнгөний хүүдий болсон албан дээр сууж амжсан юм байна.  Ингээд хэд хэдэн нам дамжин тонгочсоор “Алтан Загасны эмгэн” шиг болохдоо төрөлх МАХН-аа бараадаж тэр суудлаа мөнхийн юм шиг санаж байтал хайрт нам нь сонгуульд бүдэрч Ц.Ганхүү дахин гудамжинд гарчээ.

Ингээд дээр тэнгэр хол, дор газар хатуу явтал Дундговь гэж гучаад жилийн өмнө орхисон төрөлх нутагт нь Засаг даргын суудал онгойход л эрх бариагүй гээд  дахин орхин алдаж байсан МАН-даа хайр зарлаж эхэлсэн дуулдана. Намын даргынх нь ажлыг хийлгэлгүй хаалга үүдийг сахисаар МАН-ын нэр хүнд навс унасан Дундговьд МАН-ыг босгоод ирнэ хэмээн жүжиглэж явна гэнэ шүү.  Албан тушаал, бага ч гэсэн мөнгө Ц.Ганхүүд Дундговиос үнэртсэнийх тэр биз. Гэтэл Дундговьчууд  нам  нам даган өртөөлчилж, мөнгөний үнэрээр шүлэнгэтэн тэнэсэн энэ эрхмийг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Ж.Тунгалаг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш