logo
Л.Эрдэнэчимэг: Стандартын шаардлага хангаагүй нөхцөлд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудыг хаах ёстой

Л.Эрдэнэчимэг: Стандартын шаардлага хангаагүй нөхцөлд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудыг хаах ёстой

2013/12/21
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудлууд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Цагаан од, Марал, Иден, Грийн, Шонхор, Мичид, Ялалт, Өнөр, Кристалл, Ихтиандр, Дэлгэрэх, Мотел зэрэг дэн буудлуудын талаар дээрх хороодын иргэд болон зэргэлдээ байрлах ерөнхий боловсролын 36 дугаар сургуулийн захиргаа, сурагчдын эцэг эхээс гомдол мэдээлэл ихээр ирүүлсэн байна. Уг гомдолд дэн буудлууд хогоо цонхоороо хаядаг бөгөөд сургуулийн ногоон байгууламжид архи, пивоны шил, хэрэглэсэн бэлгэвч, дотуур хувцас, тамхины иш, хэрэглэсэн зүү тариур гэх мэт хүүхдийн хүмүүжилд ноцтойгоор нөлөөлөхүйц хог хаягдлаар дүүргэн түүнийгээ цэвэрлэдэггүй мөн тухайн орчинд байнга архичид, биеэ үнэлэгчид, хог түүгчид дулааны улиралд сургуулийн хашаанд хонодогоос болж багш, сурагчид хичээлд ирэх, явах үедээ айж ичих явдал байнга гарч, хүчирхийлэл, гэмт халдлагад өртөж болзошгүй байдал үүсээд байгаа талаар Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээллээ.

 Иргэдийн гомдлын дагуу СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Аялал жуулчлалын газар болон дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс хяналт шалгалт хийхэд:
  1. Дээрх нэр бүхий дэн буудлууд нь стандартын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа,
  2. Ихэнх нь түрээсийн байр хөлслөн үйл ажиллагаа явуулдаг учраас мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, ажилчдаа мэргэжлийн сургалт дамжаанд хамруулдаггүй, буудлын ажилчдыг ажлын дүрэмт хувцас, энгэрийн тэмдэгээр бүрэн хангаж түүнийг ажлын байранд хэрэглэж хэвшүүлээгүй нь “Аялал жуулчлалын тухай” хуулийн 8.1.6, 10.1.1, 10.1.2 дахь заалтуудыг зөрчсөн
  3. Барилгууд нь анх амины орон сууцны зориулалтаар ашишглахаар баригдсан боловч дараа нь бүгд буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан нь “Аялал жуулчлал, байрны төрлийн үндсэн нэр томьёо” 5409:2004 стандартын 4.2.1, 4.2.7 дахь заалтууд, “Аялал жуулчлалын байр сууцны төрөл, үндсэн шаардлага” 5824:2007 стандартын 3.2, 3.3 дахь заалтуудыг зөрчсөн
  4. “Улаанбаатар хотын хутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу зөвшөөрөл аваагүй. Гэтэл зохих зөвшөөрөлгүй зөвхөн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн зөрчлүүд илэрсэн байна.
Иймд дээрх буудлуудын үйл ажиллагааг зогсоох, цахилгаан эрчим хүч, дулаанаар хангахгүй байх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг эрхэм гишүүн онцлон хэлсэн юм. Уг мэдээллийн үеэр СХД-ийн Иргэдийн хурал болон Цагдаагийн хэлтэс, 12, 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн удирдлагын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлсэн бөгөөд дээрх дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоох талаар холбогдох албадад удаа дараалан хандаж байсан ч хэн нэгэн томоохон албан тушаалтны хамгаалалтад байдаг эдгээр дэн буудлууд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгааг хэлж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш