Бүгд Найрамдах Куба Улсын Үндэсний баярын өдөр, Хувьсгалын Ялалтын 55 жилийн ойг тохиолдуулан дээд, өндөр түвшинд баярын захидал илгээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд Нарын Зөвлөлийн дарга Рауль Кастро Русд илгээсэн захидалдаа Куба Улсад 55 жилийн тэртээ ялсан үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Монгол Улс талархан хүлээн авч, дипломат харилцаа тогтоож, тэр цагаас хойш хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж ирснийг дурдсан бол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Куба Улсын Үндэсний Ассамблейн дарга Эставан Лазо Эрнандезд хандан энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол, Кубын Парламент хоорондын уламжлалт найрсаг харилцааг цаашид ч улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотолсон байна.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр орны хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам бэхжин хөгжихийн ерөөл дэвшүүллээ. Гадаад харилцааны сайд Л.Болд Куба Улсын Гадаад харилцааны сайд Бруно Родригез Паррийяд баяр хүргэсний сацуу Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх 2015 онд тохиохыг тэмдэглэж, уг ойг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс Гавана хотноо 1967 онд, Куба Улс Улаанбаатар хотноо 1962 онд ЭСЯ-аа харилцан нээсэн.
Харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өргөжүүлж, иргэд хоорондын солилцоог идэвхижүүлэхээр хоёр тал 2001 онд иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан.