Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт дээр “Төр өөрөө бизнес хийж хувийн хэвшилтэй уралдаад байж болохгүй. Төр бодлогоо гаргадаг байх ёстой. Стандарт тавьж, хуулийн орчноо бүрдүүлдэг байх ёстой. Төр өөрөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх ёсгүй” гэсний дагуу Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.
Яамд төрийн ажлыг ажил үүргийн давхардалтай хийж, хоёр хүний хийх ажлыг дөрвөн хүн гүйцэтгэдэг. Үүнийг засч залруулах, шинээр төрийн болон улсын өмчит аж ахуйн нэгж байгуулахыг хориглох, төрийн өмчит аж ахуйн нэгж аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг зогсоох зэрэг агуулгыг уг хуулийн төсөлд тусгасан байна.
Монгол Улсад төр нь эдийн засгийн харилцаанд зөвхөн зохицуулагчийн хувиар оролцох бодлогыг үндсэндээ баримталж байгаа боловч чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчим алдагдсан гэж төсөл санаачлагчид үзжээ. Үүний шалтгаан нь:
- Эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд өөрийн харьяанд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг олноор үүсгэн байгуулж байгаа;
- Төр аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд үүсгэн байгуулахдаа зах зээлийн нөхцөл байдал, шударга өрсөлдөөн, төр эрхлэх бизнесийн салбар мөн эсэх (хувийн салбар эрхэлж болох бизнес эсэх), төрийн зайлшгүй оролцоо шаардлагатай эсэх гэх мэт зайлшгүй тооцох ёстой хүчин зүйлийг тооцохгүй байгаа;
- Төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр бодлого уялдуулахаас илүүтэйгээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт гүнзгийн оролцдог, хөндлөнгөөс нөлөөлдөг байдал газар авч компанийн засаглалын тогтолцоо бүрдэх нөхцөлийг хаасан зэргээс шалтгаалж буйг хуулийн төсөлд тусгасан байна.
Өнөөдрийн байдлаар нийтийн эрх зүйн хуулийн этгээд, орон нутгийн өмчит компани, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын охин болон хараат компанийг оролцуулахгүйгээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 88 компани, үйлдвэрийн газар Төрийн өмчийн хороонд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 2013 оны байдлаар 34 нь алдагдалтай ажилласан тооцоо гарчээ.
Төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явдал эрс нэмэгдэж, ашгийн төлөө шинжтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн тоо өмнөх үетэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна. Тухайлбал, 2008 онд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон оролцоотой хуулийн этгээд нэгийг үүсгэн байгуулж байсан бол 2012 оноос шинээр аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байгуулах байдал эрс нэмэгдэж 2012 онд тав, 2013 оны эхний 11 сарын байдлаар найман компанийг шинээр үүсгэн байгуулжээ.
Судалгаагаар өнөөдрийн байдлаар төрийн захиргааны байгууллагуудын дэргэд 20 орчим төрийн өмчит үйлдвэрийн газрууд ажиллаж байгаа юм байна.
Ийнхүү төрийн өмчит компанийн тоо богино хугацаанд огцом нэмэгдэж байгаа нь төрийг томроход нөлөөлөх нэгэн хүчин зүйл болохын зэрэгцээ төр нь өөрийн үйл ажиллагааны төдийгүй бизнесийн эрсдэл, муу менежерүүдийн үйл ажиллагааны үр дагаврыг үүрэх, ингэснээр төсөвт ирэх дарамт нэмэгдэх, зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болох үр дагаварт хүргэж байна гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.
Энэ байдлыг түргэн хугацаанд таслан зогсоохын тулд Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.