logo
Шүүхийн шинэтгэлийн багц хууль мөрдөгдөж эхэллээ

Шүүхийн шинэтгэлийн багц хууль мөрдөгдөж эхэллээ

2014/01/07

АН-ын бүлгийн хуралдаан дээр  Хуульзүйн сайд Х.Тэмүүжин хууль зүйн шинэтгэлийн хүрээнд тавьж буй бодлогоо танилцууллаа. Цаашид АН-ын бүлгийн мэдээллийн үеэр голлох сэдвийн дагуу холбогдох гишүүд оролцож, мэдээлэл өгч байхаар өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд энэ ажлыг Х.Тэмүүжин сайд эхлүүллээ. Тэрээр өнгөрсөн онд батлагдан, энэ оны эхний өдрөөс мөрдөгдөж эхэлж байгаа шүүх, хууль хяналтын чиглэлийн хуулиуд ард иргэдэд ямархуу ач холбогдолтой вэ гэдгийг тайлбарлаж, ойрын хугацаанд өргөн барих гэж буй хуулийн төслүүдийнхээ талаар мэдээлэл өгсөн юм.

2012 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүх, хуулийн байгууллагын шинэтгэлийн ажил эхэлсэн. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхэд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль гэхчлэн зургаан хууль батлагдан, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байгаа. Багц зургаан хууль үйлчилж эхэлснээр шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг хууль сахиулагчид ямар нэгэн байдлаар албан тушаалаа ашиглан, хэрэг маргааныг хууль бусаар шийдвэрлэсэн байх юм бол лицензийг нь цуцалдаг, лицензээ хураалгасан хэрнээ үйл ажиллагаа явуулсан бол гэмт хэрэгт тооцдог  тогтолцоо үйлчилж эхэлж байна. Лиценз нь хуульчдын хариуцлагыг өндөржүүлж байгаа юм.

Нөгөөтэйгүүр 2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль, Тахарын албаны тухай хууль энэ оны эхний өдрөөс үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нэлээд олон төрлийн шинэ харилцаа, механизмууд гарч ирж байна. Тухайлбал, манай улсад гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо байгаагүй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүчтэй бол дурын хүн дурын гэрч, хохирогчид нөлөөлдөг байсныг хуулиар хязгаарлаж өгсөн.  Хэрэв гэрч, хохирогчид нөлөөлсөн бол хуульч, шүүгч, иргэн хэн байх нь хамаагүй хариуцлага тооцдог механизмд шилжиж байна. Цагдаагийн албаны тухай хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол улсад мөн анх удаа олон нийт, иргэний хяналтад түшиглэсэн цагдаа бий болж байгаа юм. Хороо болон сумдад ажиллаж байгаа бүх цагдаагийн албан хаагчид үйл ажиллагаагаа иргэдэд тайлагнадаг болно. Аймаг, нийслэлийн иргэдийн хурлын дэргэд Иргэний зөвлөл байгуулагдаж эхэлж байна. Ингэснээр манай хороо, сум, аймаг, хотод цагдаа хэрхэн ажиллаж, миний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ гэдгийг иргэд мэдэж авах, төлөвлөлтөд нь оролцох, үйл ажиллагааг үнэлэх эрхтэй болж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш