Монголын Залуучуудын Холбоо ээлжит V их хурлаа угтан Монголын залуусын “Сүлд дуу”-ыг бүтээх гэж байгаа бөгөөд тус сүлд дууны шүлгийн уралдааныг нийт залуучууд, уран бүтээлчдийнхээ дунд зарлаж байна. Залуучуудад зориулсан энэхүү сүлд дуу нь Монголын өнөөдөр болон ирээдүйн хөдөлгөгч хүч, гэрэлт ирээдүйг бүтээгчид болсон залуусын амьдралын баяр баясал, аз жаргал, гэрэл гэгээтэй талыг харуулсан, залуусыг сайн сайхан руу уриалан дуудсан, залуу насаараа бахархах, эх орныхоо төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэлийг төрүүлж бадраахад гол зорилго нь оршиж байгаа юм байна. Материалаа 1-р сарын 5-аас 2-р сарын 15-ны хооронд МЗХ-ны Төв байранд авчирч өгөх бөгөөд аймаг, сум орон нутгаас оролцогчид салбар холбоодоор дамжуулан ирүүлэх юм ажээ. Уралдаан хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд эцсийн шалгаруулалтыг шүүгчид 1-р шатанд шалгарсан бүтээлүүдийг дүгнэн сүүлийн шатанд нэг шүлгийг шалгаруулах бөгөөд шалгарсан шүлгэнд Монголын нэртэй хөгжмийн зохиолчид аялгуу хийж, шилдэг хамтлаг дуучид дуулан олны хүртээл болгохоор төлөвлөөд байгаа юм байна. Хамгийн гол тавигдах шаардлага нь цаг үеэ тусгасан, шинэлэг санаа өгүүлэмжтэй, орчин үеийн залуусын хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн, чөлөөт үг хэллэгтэй, сонирхолтой хэлбэрээр бичигдсэн, ямар нэг нам эвсэл, шашин шүтлэг, компани байгууллагыг ил, далд хэлбэрээр сурталчлаагүй байх нь байна.