Өвлийн улиралд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар Улаанбаатар хотод ховор байдаг. Ялангуяа сурагчдын амралт эхэлсэн энэ үед хүүхдүүд чөлөөт цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх талаар эцэг эхчүүдэд бэрхшээл тулгардаг. Тиймээс хүүхэд, залуучууддаа зориулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Их эзэн Чингисийн талбайд зориулалтын мөсөн гулгуурын хоёр талбайг байгуулж, ашиглалтад оруулаад байна. Уг талбай нь стандартын дагуу баригдсан бөгөөд бусад мөсөн гулгуурын талбайн үнэ тарифтай харьцуулахад харьцангуй хямд буюу нэг цаг нь 1000 төгрөгөөр үйлчилж байгаа юм. Нэг цаг гулгахад зах зээлийн ханш 2000-5000 төгрөг байгаа ч ашгийг бус аль болох олон хүүхдийг хамруулж, тэднийг спортоор хичээллэж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэн ажиллаж байна. Өдөр бүр 10-24 цагийн хооронд иргэдээ хүлээн авч үйлчилнэ гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.