Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар нар Дэлгэр суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сум” төслийг 16 аймгийн тус бүр нэг суманд хэрэгжүүлэхээр болоод байгаа. Тэгвэл Говь-Алтай аймгийн хувьд Дэлгэр суманд хэрэгжихээр болоод байгаа юм. Гэтэл үүнийг МАН-ынхан Дэлгэр суманд биш, Цээл суманд хэрэгжүүлэхээр болсон гэсэн мэдээлэл тарааж нутгийнхныг эргэлзүүлжээ. Дэлгэрчүүд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай уулзах үеэрээ “Шинэ сум” төсөл манайд хэрэгжихээ байсан гэв үү гэж лавлаж байлаа.
“Засгийн газрын хуралдаанаар Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Шинэ сум төсөл хэрэгжинэ гэдэг нь орох нь тодорхой болсон. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар орох байсан ч зарим аймагт сум нь тодорхой болоогүй учир түр хойшлуулаад байгаа. Түүнээс Дэлгэр суманд Шинэ сум төсөл хэрэгжих нь баталгаатай” гэдгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлсэн юм. Дэлгэр сумын хувьд ардчиллыг өндөр хувьтай гаргадаг сумдын нэг гэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулиар Дэлгэр суманд маш өндөр хувьтай ялалт байгуулжээ. Тэд энэ амжилтаа баталгаажуулж, орон нутгийн дахин сонгуулиар ч ардчилалд итгэл үзүүлнэ гэдгээ уулзалтын үеэр хэлж байлаа.