logo
Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг өргөн тэмдэглэж өнгөрүүллээ

Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг өргөн тэмдэглэж өнгөрүүллээ

2014/01/14

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөдөр 22 жил болж байна. Үндсэн хууль батлагдсаны энэхүү түүхэн өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг улс орон даяар зохиогдож өнгөрлөө.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ой тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг өнөөдөр 10 цагт Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр заллаа.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг. Үндсэн хуулийн уг эх нь төрийн хамгаалалтад байдаг юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд, албаны бусад хүмүүс өнөөдөр 11.40 цагт Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12 цагт Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейд болов.   Улсын Их Хурлын дарга З.Энхболд уг үзэсгэлэнг нээж үг хэллээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын зарим гишүүд, ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Үзэсгэлэнд ардчилсан Үндсэн хуулийн хэвлэмэл эхүүд, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үеийн түүхэн баримтууд, иргэд уран бүтээлчдээс  ирүүлж байсан төрийн сүлдний загваруудыг дэлгэн тавьжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш