logo
Ажлын хэсгүүдийг энэ сарын 15, Байнгын хороодыг 20-ноос хуралдуулахаар төлөвлөжээ

Ажлын хэсгүүдийг энэ сарын 15, Байнгын хороодыг 20-ноос хуралдуулахаар төлөвлөжээ

2011/09/06
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон Тамгын газрын хэлтэс, албадын дарга нартай өнгөрсөн баасан гаригт уулзаж, УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы бэлтгэлийг хангах талаар ажлын тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгсөн юм.
Улсын Их Хурлын дарга энэ үеэр хэлэхдээ, УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Иймээс Тамгын газрынхан ажилдаа шуурхайлан орж, чуулганы бэлтгэлийг сайтар хангахад онцгой анхаарах хэрэгтэй байна.
УИХ-ын ажлын хэсгүүдийг энэ сарын 15-аас, Байнгын хорооны хуралдааныг 20-иос эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Иймээс Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг ойрын үед бэлэн болгох шаардлагатай байна. Намрын чуулганаар хэлэлцэхээр бодлогоор төлөвлөсөн УИХ-ын сонгуулийн тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай зэрэг хуулиудын төслийг эхэлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүнтэй уялдаж дээрх хуулийн төслүүд болон намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бусад хуулийн төслүүд, тэрчлэн УИХ-аас зайлшгүй батлан гаргах шаардлагатай гэж үзэж буй төслүүдийг анхааралдаа авч ажлын хэсэг, Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн болгохын тулд хууль, тогтоомжийн төсөл нэг бүрийг ажилтнуудад хуваарилан хариуцуулж ажиллах, хугацаатай шийдвэрлэх ёстой хууль, тогтоомжийн заалтуудыг гаргаж Байнгын хорооны дарга нарт танилцуулах хэрэгтэй гэлээ.
Мөн иргэд олон нийтийн зүгээс амьдралд хэрэгжихгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байгаа хууль, тогтоомжийг эргэн харж яагаад ийм байдалд хүрэв гэдгийг судалж дүгнээд Байнгын хороодод танилцуулах, батлан гаргах шаардлагатай ч гарахгүй байгаа тухайлахад Нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүд хойшлогдож саатаад байгаад анхаарч санал, ойлголтын зөрүүг арилгахад анхаарах нь чухал байгааг дурдав.
Энэ намрын чуулганы онцгой анхаарах асуудлын нэг нь ирэх оны улсын төсөв, Тавантолгойн ордын асуудал байх болно гэдгийг УИХ-ын дарга онцлоод иймээс ирэх оны төсөвт урьдчилсан байдлаар дүн шинжилгээ хийж тодорхой санал дүгнэлт гаргах, Тавантолгойн ордын асуудлаар УИХ-аас урьд нь гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг судалж тооцож гишүүдэд танилцуулах үүргийг Тамгын газрын Судалгааны төв, Байнгын хороодын ажлын албадад өгөв. Ер нь улсын төсвийн асуудлыг Байнгын хороо, ажлын хэсэг, намын бүлгүүдээр хэлэлцээд гаргасан санал дүгнэлт дээр голлож ярих биш Тамгын газрын зүгээс санаачлагатай ажиллаж судалгаа, мэдээлэлд түшиглэсэн тодорхой санал дүгнэлт гаргаж гишүүдэд танилцуулдаг болох нь чухал байгааг УИХ-ын дарга энэ үеэр сануулав.
Мөн чуулган, Байнгын хороодын хуралдааны танхим, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, гишүүдийн санхүүгийн гүйцэтгэлийг гишүүн нэг бүрээр гаргаж өөрт нь танилцуулах, гишүүдийг мэдээллэээр хангах талаар Байнгын хороод өөрсдийн чиглэлээр анхаарч ажиллах үүрэг өгөв.
Тамгын газрынхан ойрын үед ажилдаа шуурхайлан орж, дотоод ажлаа жигдрүүлэн идэвх санаачлагатай ажиллахыг УИХ-ын дарга уулзалтын эцэст анхаарууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш