Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны эдийн засгийн үзүүлэлт болоод 2014 оны тэргүүлэх чиглэл ямар байх талаар энэ сарын 15-ны өдөр “Чайна Дели” сонины сурвалжлагчид ярилцлага өглөө. Тэрээр "2013 онд манай улсын эдийн засгийн зарим үзүүлэлт буурсан жил байлаа. Гэсэн ч бид бүтээн байгуулалтын олон ажлыг хийж чадсан. 50 гаруй мянган ажлын байр шинээр бий болсон. 20 мянган иргэн орон сууцтай болсон, барилгын салбар 2 дахин өссөн, эдийн засгийн өсөлт 12 хувьд хүрсэн, мал сүргийн тоо 45 саяд хүрсэн, 4 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож, 1800 км зам шинээр барилаа. Бүтээн байгуулалтын ажлуудаа энэ онд үргэлжлүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жил буурсан үзүүлэлттэй гарсан. Монголд хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй гэдэг байдал ард хоцорсон. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, Хөрөнгө оруулалтын газар байгуулагдсан зэрэг нь хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангалаа" хэмээн онцолсон байна.
Мөн "Манай улс нийт хэрэглээнийхээ ихэнх хувийг гаднаас авч байгаа, иймд үйлдвэржилтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд энэ 2014 онд Засгийн газар анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд ярилцлага өгөхдөө хэллээ.