logo
“Монгол хэлний тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг болов

“Монгол хэлний тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг болов

2014/01/16

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Батхүү, Н.Батцэрэг, Н.Энхболд нарын санаачлан “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд, хуулийн анхны төсөл бэлэн болсонтой холбогдуулан хууль санаачлагчдын зүгээс  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг нээж, хуулийн төслийг танилцуулсан бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл мөн оролцож, үг хэллээ. Тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, соёлын сургууль, МУБИС, Хүмүүнлэгийн их сургууль зэрэг холбогдох төрийн болон боловсрол, судалгааны байгууллагуудын төлөөлөл, хэлний салбарын эрдэмтэд, судлаачид, ЕБС-ийн багш нар, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын болон иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцсон юм.


Хэлэлцүүлэгт оролцогчид улс үндэстэн оршин тогтнохын нэг баталгаа болсон монгол хэлний талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох энэхүү санаачилгыг талархан дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу, монгол хэлний дархлааг бэхжүүлж, улам боловсронгуй болгох чиглэлд тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцлага өрнүүллээ. Үүнд, төрийн байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхой болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог сайжруулах талаар санал бодлоо хуваалцаж, хуулийн төслийн бүтэц, найруулга, нэр томъёоны талаар хэлэлцсэн байна.

Мөн ойрын хугацаанд “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрнүүлж , иргэд олон нийтийн санал бодлыг тусгахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш