Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Ардчилсан ахмадын холбооны дарга Р.Банзрагч нар оролцож, ахмадуудад хандан үг хэлж, сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
АН-ын дарга Н.Алтанхуяг улиран одож буй могой жилд ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, ажилтай, орлоготой болгохын тулд бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлснээ дурдаад ирж буй морь жилд ч олуулаа их зүйл хийнэ гэв. Түүнчлэн тэрээр “Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд “Монголдоо бүтээцгээе” гэсэн зорилт дэвшүүлсэн. Хийж чадах бүхий л зүйлээ Монголдоо бүтээцгээе. Ахмадууд минь ирж буй жилдээ эрүүл энх байж, урт наслаж, ихийг хийж бүтээж, бидэндээ өмөг түшиг болж хамтдаа хол явахын ерөөлийг дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээв.
УИХ-ын дарга З.Энхболд парламент дахь АН-ын бүлгийн зарим гишүүн ахмад настануудын өрхийн орлого буурах эрсдэлээс хамгаалах зорилгоор Хамтын тэтгэврийн тухай хууль санаачилж өргөн барьсан тухай баяртай мэдээг дуулгасан. Тус хуулийг энэ жилдээ багтаан УИХ баталж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх гэнэ.
Харин Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ардчиллын төлөө тууштай явж, бидний амжилтын эхлэл болж явсан ахмадуудтайгаа сар шинийн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байна гээд цаашид ахмадуудад ачлал, хүндлэл үзүүлж ажиллахаа амласан. Тэрээр 2014 он ахмадуудад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх жил байна гэдгийг ч онцоллоо.
“Ахмад буурлуудаа хүндэтгэе” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийслэлийн дүүргүүдийн 3000 өндөр настанд АН-ынхан гарын бэлэг гардуулсан юм.