logo
ШХАБ-ын Зөвлөлдөх уулзалтанд оролцов

ШХАБ-ын Зөвлөлдөх уулзалтанд оролцов

2014/01/23
Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Москва хотноо 1 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд ШХАБ-ын хүрээнд болсон Гадаад хэргийн Дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтанд оролцож, холбогдох асуудлаар өөрийн орны байр суурийн талаар үг хэлэв.

Тэрээр Монгол Улсын Засгийн газар Ази дахь аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө бодлого, үйл ажиллагаа явуулж ирснийг дурьдаад, үүний нэг жишээ нь Афганистаны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчний үйл ажиллагаанд манай цэргийн албан хаагчид олон жилийн турш идэвхтэй оролцож ирснийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Афганистаны сэргээн босголтонд улс орнууд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хэлбэрээр оролцох нь чухал болохыг цохон дурьдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"-г өрнүүлэх талаар санал дэвшүүлснийг дурьдаад энэ чиглэлд хамтран ажиллахыг Элчин сайд О.Дамбийням зөвлөлдөх уулзалтанд оролцогчдод хандаж уриалав.

Зөвлөлдөх уулзалтанд оролцсон Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны Хүрээлэнгийн Орлогч захирал Ч.Чулуунбаатар нар холбогдох асуудлаар үг хэлж, өөрийн орны байр суурийг илэрхийлэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш