logo
Халтиргаа гулгаа үүссэн газруудыг цэвэрлэлээ

Халтиргаа гулгаа үүссэн газруудыг цэвэрлэлээ

2014/01/24
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зам талбайн хальтиргаа гулгааг арилгах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтран “Хальтиргаагүй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус аяны хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ГССҮТ-д халтиргаа гулгаанаас болж гэмтсэн иргэдийн нарийвчилсан судалгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд албан бичгээр тогтмол ирүүлдэг юм байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2013 оны 12-р сарын 19-нөөс 1-р сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд цас мөсөн дээр халтирсан, явган хүний зам дээр халтирсан, хүнтэй мөргөлдөж унасан, авто замын цас мөсөн дээр халтирсан, байгууллагын гялгар шат, довжоон дээр халтирсан, замгүй налуу газар халтирсан зэрэг нийт 226 тохиолдлын талаарх мэдээллийг ирүүлжээ. Үүнээс цас мөсөн дээр хальтирч унасан 120  тохиолдол гарсан бөгөөд тэдгээр газруудыг 1-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр цэвэрлэсэн байна. Дашрамд дурдахад, 2013 оны 10-р сараас 2014 оны 1-р сарын 22 хүртлэх хугацаанд Улаанбаатар хотод 9 удаа цас орсон бөгөөд цас орсон даруйд  халтиргаа гулгаа арилгах арга хэмжээг шуурхай авч, гулгаа үүссэн авто замууд дээр зориулалтын бодос, давс цацах ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний компаниуд хийж гүйцэтгэжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш