Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эдгээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хийв.
Нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авлигатай тэмцэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон шаардагдах төсвийг 2014 оны төсвийн тодотгол хэлэлцэх үед дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан бөгөөд хуулиудыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн түүний саналыг Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн тухай илтгэгч танилцууллаа.
Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж асуухдаа, эдгээр хуулийн төслүүдийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх гэж байгаа шаардлага, дагалдаж гарах тогтоолын төсөл өргөн баригдаагүй байгаа шалтгааныг тодруулж асуув.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.
Гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.
Одоо чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.