Монгол түмэнд эв нэгдэл, урагшлах хөгжил, сэхээрэх ухаарал авчирч, дэвжин дээшилсэн могой жил улиран одож байна.Төр улс ганхашгүй бат оршихын нэгэн тулгуур, эдийн засгийн бат суурь болсон үндэсний үйлдвэрлэгч, үндэсний бүтээгч, үндэсний хөрөнгөтнүүдтэй болж эхэллээ. Тэдний ард цуцашгүй нөр их хөдөлмөр, оюуны цараа ухааны ур буй. Тэд нийгмийн бүхий л давхаргын орших шим, хөдөлгөх хөдөлгүүр нь болдог. Энэ бүхнээ Монгол нутагтаа улам соёолуулж, тал талаас нь арчилж тордон хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд нь хүргэж чадах аваас Монголын тусгаар тогтнолын баталгаа нэгээр нэмэгдэнэ. Үүний үндэс нь эв эе, харилцан зохицол хүндлэл, найрсаг харьцаа юм. Бид өөр хоорондоо сэтгэл эвтэй, гар зохицолтой байж чадвал дэлхийн дэвжээ холгүй мэт. “Эдийн хүчээр нэгийг, эрдмийн хүчээр олныг” давдаг учиртай. Эд хөрөнгөд шунаж, хувийн жаргалыг бодож, нийтийн эрх ашиг, олон түмний итгэл, сэтгэлийг умартах нь хожмоо урхагт үр дагаварт хүргэж болзошгүй юм. Аливаа үйл үйлдвэр бүхэндээ хянуур байж, болзошгүй гэм бүхнээс сэрэмжлэн болгоомжилж, эв эеээ дээдлэж, бусдыг энэрэн хайрлаж, болж өгвөл бие биенээ өршөөж, алсыг харсан уужуу ухаан, ууч сэтгэлээр хандах аваас наанадаж өөрсдийнхөө, цаашилбал нийт олныхоо үйлийн үрийг буяны зүгт чиглүүлэх сайн үйл болно. Хүн бол байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой учраас эх дэлхийтэйгээ зүй зохистой харьцаж, хайрлах цаг нэгэнт иржээ. Байгалийн хийгээд эдийн баялаг нь хязгааратай, буруу харьцвал осолтой, эцэстээ барагддаг. Харин оюуны чадамж, сэтгэлийн хүч бол дээшээ хязгааргүй, доошоо гүнзгий, шавхагдашгүй баялаг, дундаршгүй ундарга билээ. Оюуны шим, ухааны охиор тэтгэгдсэн, үндэсний баялагаа бүтээвэл эцэг өвгөдөөс уламжлагдсан эх нутаг, газар шороо, уул усаа хайрлан гамнаж, үр хойчдоо нүүр бардам өвлүүлэхийн нэгэн үндэс болно. Үүний уг нь хиргүй нандин сэтгэл, уужуу зөв хийгээд аливаад авах гээхийн ухаанаар хандах хандлага юм. Төр нь шашнаа хүндэлж, шашин нь төрөө дээдэлж, харилцан шүтэлцэж оршдог. Энэ ч ёсоор, өглөгийн эзний өгөөмөр сэтгэлийн үрээр, чин сүжигт, ухаалаг түмнийхээ хүчээр, Монголын бурханы шашинд олон сайхан туурвил бүтээл, бүтээн байгуулалт амжилттай өрнөж байна.
Монгол залуус бусдыг хийсвэрлэн дагахаас татгалзаж, эх нутгийнхаа хөрсөн дээр бууж, сэтгэлийн боловсролыг эрхэмлэн, гэгээн гэрэл рүү тэмүүлэх итгэлт гарцыг уламжлалт шашин, эх соёлоосоо улам ихээр хайн бэдрэх болов.
Хүмүүн хэмээгч нь бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл болохын тухайд сэтгэлээ зөвд чиглүүлж, бүх юмс зохист хэм хэмжээтэйг санагалзаж явууштай.
Төр засаг нь ард олноо энхрийлсэн, хууль цаазаа туйлбартай чанд баримталсан, түмэн олон нь төрөө дээдэлсэн, гал усны гашуун зовлонгүй, эвдэрч самуурахын нигуургүй өнтэй сайхан жил ургалаа.
Авралт дээд Богдынхоо агуу их үйлс зохиолоор Монголын шашин ном наран мэт мандах болтугай.
Монголын Бурханы Шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн
Тэргүүн их хамба лам, МУСГЗ, гавж Д.ЧОЙЖАМЦ