logo
Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

2014/01/30
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Энэ тухай байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж хийсэн юм.

  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын чуулган завсарлахын өмнө дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж Улсын Их Хурлын тогтоол баталдаг.

 Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд тусгуулахаар хууль санаачлагчдаас нийтдээ 279 санал ирүүлжээ. Тухайлахад, Монгол Улсын Ерөнхийлөгч 5, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 6, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 4, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11, Төрийн байгуулалтын байнгын хороо 3, Төсвийн байнгын хороо 4, Эдийн засгийн байнгын хороо 6, Хууль зүйн байнгын хороо 7, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 47, МАН-ын бүлэг 46, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 35, Засгийн газар 95 төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар 10 санал ирүүлжээ.

 Байнгын хороо тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг нь заасан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон хууль, тогтоолын төслүүдийг жагсаалтад оруулах зарчим баримталсан байна. Мөн тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзжээ.

 Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүн З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулсан юм. Харин төслийг дэмжих эсэх талаар үг хэлсэн гишүүн Ш.Түвдэндорж төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Л.Цог нар дэмжих боломжгүй гэдгээ хэллээ.

 Ингээд “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 35 нь буюу 56.5 хувь нь дэмжээгүй учраас тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхээр болов. Үүгээр Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа өндөрлөлөө.

 Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ.

 Улсын Их Хурлын даргын хэлсэн үгийг www.parliament.mn, open.parliament.mn сайтуудад бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш