Бүгд Найрамдах Мальт Улсын Ерөнхийлөгч Жорж Абела Элчин сайд Ш. Одонбаатарыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Жорж Абелад уламжилсны дараа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав. Тэрээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, гуравдагч хөршийн бодлого зэрэг асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч энэ жил Монгол Улс Бүгд Найрамдах Мальт Улстай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг дурдав.
Монгол-Мальтын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгаа болохыг Элчин сайд тэмдэглээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлийг хийнэ гэдгээ илэрхийлэв.