logo
Монголч эрдэмтэд, судлаачдыг хүлээн авав

Монголч эрдэмтэд, судлаачдыг хүлээн авав

2014/02/04
XVII  жарны “Ялгуусан хэмээх модон морин” жилийн цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам 1 дүгээр сарын 31-ний өдөр Прага хотноо ЭСЯ-ны байрандаа БНЧУ-д Монгол судлалыг хөгжүүлэх, монголыг сурталчлан таниулахад хувь нэмэр оруулж буй БНЧУ-ын Карлын Их сургуулийн Өмнө ба Төв Азийн Хүрээлэнгийн монгол судлалын танхимын профессор Я.Вацек тэргүүтэй монголч эрдэмтэд, судлаачдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн золголт хийв.

Уг арга хэмжээнд мөн Чехийн Ледце суурин дахь “Азийн  бяцхан музейн” захирал, БНЧУ-аас Монгол Улсад элчин сайдаар сууж байсан доктор И.Шима, Требон хот дахь "Монголын бурханы шашны урлагийн галерей"-г үүсгэн байгуулагч доктор М.Клечка болон “Хөвсгөл нуур” судлаач Л.Свобода нар оролцов.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ БНЧУ-д Монгол судлалыг хөгжүүлэх, монголыг сурталчлан таниулахад Монгол судлалын нийгэмлэг, монголч эрдэмтэд, судлаачид чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан байгуулагдсаныг онцолж шинээр нээгдсэн боломжийг бүрэн дүүрэн ашиглах талаар хамтран ажиллахыг уриалав.

Чех Улсад монгол судлалыг үндэслэгч ууган судлаач, дорно дахины олон (монгол, төвд, манж, тохар) хэл соёлд мэргэжсэн эрдэмтэн профессор Павел Поухагийн шавь болох доктор И.Шима, профессор Я.Вацек нар одоогоос 40 жилийн тэртээ Карлын Их сургуульд Монгол судлалын салбар байгуулагдаж байсныг дурсаж Монгол Улс төрийн бодлогын хүрээнд монголч эрдэмтдэд анхаарал тавьж дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болж буйд талархал илэрхийлэв.   

Цаашид ЭСЯ Карлын Их Сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, монгол судлалын оюутнуудтай уулзалт хийх, орчуулга болон судалгааны төсөл боловсруулж хэрэгжүүлэх, тус сургуулийн байранд Монгол уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны хувилбаруудын талаар зөвлөж ярилцав.

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ Монгол судлалыг дэмжих ажлын хүрээнд Карлын Их сургуулийн Өмнө ба Төв Азийн Хүрээлэнгийн монгол судлалын танхимд хоёр оны зааг дээр санхүүгийн зохих дэмжлэг үзүүлсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш