МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар тэргүүтэй тус намын удирдах албан тушаалтнууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр биеийн байдал нь дээрдэж, Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, намынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа гэх мэдээлэл гарах болсон. Уг мэдээллийг тус намын зүгээс үгүйсгэлээ.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Н.Энхбаяр дарга одоогоор БНСУ-д эмчлүүлж байгаа. Биеийн байдал хавьгүй дээрдсэн. Ирэх дөрөвдүгээр сард болох намын их хуралд Н.Энхбаяр дарга оролцохоор төлөвлөж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн сүүлийн үед гарах болсон мэдээлэл болох У.Барсболд МАХН-ын ЕНБД болно гэсэн мэдээллийг ч үгүйсгэсэн. Дашрамд дурьдахад МАХН удахгүй улс орон даяар “Шударга ёс” аяныг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээндээ хөдөө орон нутгаар явж, ард иргэдийнхээ үгийг сонсож ажиллах юм байна.