logo
Залуу Техникчдийн Ордон аврагдах нээ

Залуу Техникчдийн Ордон аврагдах нээ

2014/02/14

Өнгөрсөн 2012 оны 04-р сараас хойш Монголын Залуучуудын Холбоо хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө баригдсан барилга байгууламжуудыг зориулалтынх нь дагуу эргүүлэн ашиглуулах санаачлагыг гаргасан. Үүнд “Паркаа аваръя” хөдөлгөөн мөн Залуу техникчдийн ордны үйл ажиллагааг сэргээх зэрэг ажлууд байсан юм. МЗХ-оос Ерөнхий сайдыг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч, бичиг хүртэл хүргүүлж байсан. 2013 оны 2-р сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариу өгч “хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргах, зориулалт нь өөрчлөгдсөн барилга, байгууламж болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр бий болгосон хөрөнгийг хүүхдийн байгууллагын мэдэлд шилжүүлж, өмчлүүлэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах” тухай захирамжийг гаргаж, ажлын хэсгийг томилсон. Одоогоор энэхүү ажлын хэсгийн дүгнэлт шийдвэр хараахан гараагүй байгаа ч энэ талаар асуудлууд хөндөгдөн олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд “Залуу техникчдын ордныг энэ оны 9-р сарын 1-ээс Залуу зохион бүтээгч ахлах сургууль болж өөрчлөгдөнө гэж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сайд амлалаа” гэж цахим хуудаснаа мэдээлжээ. Ямартаа ч Монголын Залуучуудын Холбоо болон Залуу техникчдын ордоныг буцаан сэргээх ажлын хэсгийнхний ажлын эхний үр дүн гарч хүүхэд залуучууд маань ордонтойгоо үлдэх нь. Инженерийн боловсролдоо анхаарал хандуулах цаг ирсэн өнөө үед цаашид Залуу техникчдын ордон сургуулийг хэрхэн зохион байгуулж, бодит үр дүнтэй ажиллуулах вэ гэдэг нь олны анхаарлын төвд байна. Дашрамд дуулгахад МЗХ-оос “Залуу зохион бүтээгч”сэтгүүлийг энэ онд сэргээн гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш