logo
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2014/02/17

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг бүрэн эхээр нь нийтэллээ. Энэ хуулиар, хуулийн зорилт, түүний үйлчлэх хүрээг тодорхойлсны зэрэгцээ Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал төрийн өмч мөн болохыг, мөн төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малмал хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхийг нь хуульчилж өгсөн байна. 

Үүнээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахад ямар ерөнхий шаардлага тавигдах, түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар төрийн зохицуулалт ямар байх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох, эдгээр зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл зэргийг тодорхой хуульчилжээ. 

Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг ямар байх, ямар тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болгох, мэдээлэл, төлбөрийн хуваарилалт, нөхөн төлбөрөө хэрхэн хийх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх, хууль тогтоомж зөрчигчид ямар хариуцлага ногдуулах асуудлыг нарийн тусгасан байна. 

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудыг нийтэллээ. 

Эмхэтгэлд нийтлэгдсэн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд, Цагдаагийн албаны тухай хуульд заасан цагдаагийн байгууллагад дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг шилжүүлэх ажлыг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх, дотоодын цэргийн алба хаагч цагдаагийн албанд шилжсэн үеэс Цагдаагийн албаны тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Алба хаагчдыг цагдаагийн мэргэжлийн сургалтад хамруулж, хувцас, агсамжаар хангах ажлыг цагдаагийн төв байгууллагын дарга хариуцан гүйцэтгэхээр заажээ. 

Мөн хуулинд, цагдаагийн байгууллага, алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхэд ямар нийтлэг үүрэг хүлээх, тусгай хэрэгслийг ямар үндэслэлээр хэрэглэх, ямар тохиолдолд галт зэвсэг хэрэглэх эрхтэй зэргийг зохицуулж өгсөн байна. 

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон түүнийг хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөх хуулиудын хамт нийтэллээ. 

Эмхэтгэлд, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ашиг малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтлэв. 

Дээрх хуулиас гадна Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, тус салбарт баримтлах зарчим, бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга зам, үе шат, хүрэх үр дүнг тодорхой тогтоож өгчээ. 

Эмхэтгэлд “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоол, Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш