logo

"Оюутан-цэрэг” хөтөлбөрийг баталлаа

2014/02/17

Цэргийн насны оюутан залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх зорилт тусгагдсаны дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2013 оны 92 дугаар зарлиг гарсан нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болжээ.

Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлигт:

“Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан Монгол Улсын иргэний журамт үүрэг болох “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” заалтыг хэрэгжүүлж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн      1 дүгээр зүйлд заасан “иргэдэдэх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх” үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээгавч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:

 1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй тус улсын иргэн эрэгтэйчүүдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

 

Хоёр. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыгЗасгийн газар (Н.Алтанхуяг)-т чиглэл болгосугай.

 

Гурав. Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаанМонгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тус тус даалгасугай” хэмээн заасан байдаг.

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулна. Үүний дараа шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж, цэргийн алба хаалгана. "Оюутан-цэрэг хөтөлбөр" хэрэгжүүлэхийн тулд цэргийн байр, хичээлийн анги, танхим, сургалтын хотхонууд, гал тогоо бүхий "Шархад" дахь иж бүрэн сургалтын төвийг шинээр барина. Сургалтын төвд жилд 500-1000 оюутан цэргийн бэлтгэл сургалтад хамруулах боломжтой юм.

Оюутнуудыг цэргийн ерөнхий болон тусгай бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаалгах журмыг Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран баталж хэрэгжүүлнэ. "Оюутан-цэрэг хөтөлбөр" хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг батлан хамгаалахын салбарын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш