logo
Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийг концессийн гэрээгээр шинээр барина

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийг концессийн гэрээгээр шинээр барина

2014/03/10
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах 6 салбар комиссыг байгуулсан.
Уралдаант шалгаруулалтын комисс нь 2013 онд нийт 13 удаагийн хуралдаанаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын төслүүдээс 68 асуудлыг хэлэлцүүлж, 16 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын ажил зохион байгуулсан байна.  Тус комиссоос “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга  барих” төслийн концесс эзэмшигчээр “Кодем” ХХК, “Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврийн цэвэрлэх байгууламж барих”  төслийн Концесс эзэмшигчээр “Набсан” ХХК-ийг тус тус сонгон шалгаруулж,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Концесс олгох гэрээ байгуулах эрхийг шийдвэрлэсэн юм. Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих төсөл нь Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин барилгын суурин дээр  доороо -2 давхар гражтай, 12 давхар барилга барих юм.
 
Хувийн хэвшлийн байгууллага өөрийн хөрөнгөөр хуучин барилгыг буулгаж, суурин дээр нь орчин үеийн жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан барилга барьж Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилгын одоо байгаа талбайг нэмэгдүүлсэн хэмжээгээр нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгч үлдсэн хэсгийг өмчлөн ашиглах юм. Эмнэлгийн барилга нь 1956 онд ашиглалтад орсон,  2 давхар, нийт 1227 кв.м бүхий талбайтай, газар эзэмшлийн нийт талбай нь 1650 кв.м талбайгаар баталгаажсан. Мөн Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу барилга актлах тухай НИТХ-ын 2010 оны 150 дугаар тогтоолоор нийслэлийн өмчөөс хасахаар шийдвэрлэсэн юм.  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дугаар захирамжаар шинээр томилогдсон Эрүүл мэндийн салбар комиссын шийдвэрээр “Кодем” ХХК-ыг  концесс эзэмшигчээр сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ хэрэгжиж эхэлсэнээс хойш 2 жилийн хугацаанд тухайн төслийг гүйцэтгэх бөгөөд нийслэлийн өмчийн 1227 кв.м талбайг 1720,4 кв.м эмнэлгийн зориулалтын талбайгаар нэмэгдүүлж олгох юм.
 
Харин Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих төсөл нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу городокт хоногт 1000м3 бохир ус цэвэрлэх байгууламж барих юм. 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хотын төв цэвэрлэх байгууламжийг технологийн шинэчлэл хийж өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ хотын алслагдсан хэсэг, дагуул хот, тосгодод бие даасан орчин үеийн шинэ технологийн цэвэрлэх байгууламжуудыг байгуулна хэмээн тусгагдсаны хүрээнд уг төслийг хэрэгжүүлнэ. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжаар байгуулагдсан Концесс олгох уралдаант шалгаруулалтын комиссоос Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих төслийн концесс эзэмшигчээр “Набсан” ХХК-ыг сонгон шалгаруулсан бөгөөд тухайн төсөл  2.242.304.000 /Хоёр тэрбум хоёр зуун дөчин хоёр сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгөөр 1 жилийн хугацаанд хэрэгжинэ гэж Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш