Биткоин бол валют биш, банкууд харилцагчиддаа үйлчилгээ үзүүлэхдээ биткоинийг ашиглах ёсгүй гэж Японы засгийн газар мэдэгдлээ. Гэхдээ маргаан дагуулсан тус цахим валютыг ашигласан зарим гүйлгээнд татвар ногдуулах хэрэгтэй гэж Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга мэдэгдсэн байна. Тус улсын эрх баригчид биткоинийг дэлхий даяар хэр өргөн хүрээнд ашиглаж байгааг, мөн нийт үнэлгээ нь хэд гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа юм. BBC –ийн мэдээлснээр компьютерийн нарийн төвөгтэй алгоритм ашиглан бий болгосон тус цахим валютын зах зээлд нийтдээ 7 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлддэг гэсэн тооцоог ч гаргасан байна. Зарим улс орнууд биткоиний хэрэглээг зохицуулах гарцыг олохын тулд толгой гашилгаж байгаа бол тус валютыг татвараас зугтах, мөн угаах хэрэгсэл гэж үзэж буй шинжээчид цөөнгүй байгаа ажээ. Тухайлбал ОХУ биткоиний гүйлгээг хууль бус гэж үзсэн бол урд хөршийн удирдлагууд биткоин ашиглан арилжаа хийхийг банкуудад хориглосон байна. Харин өнгөрсөн сард биткоиний тэргүүлэх бирж болох Токио дахь MtGox харилцагчдынхаа 750,000 орчим биткоинийг алдаж, улмаар дампуурлаа зарласан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/