logo
Мэндчилгээ

Мэндчилгээ

2014/03/18
Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа !

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!

Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээр арвижуулан дархалж байгаа Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд цэрэг дайчдынхаа байгуулсан гавьяа, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрээр ямагт бахархаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж,  Монгол цэргийн дайчин уламжлал, эр зориг, бие сэтгэлийн хатуужил, мэргэжлийн өндөр ур чадварыг дэлхий нийтэд таниулан, энхийн үйл хэрэгт хүчин зүтгэж байгаад зүй ёсоор талархаж байна.

Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ цэргийн сургалт бэлтгэлийн чанар, энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор ”Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сургалт сурталчилгаа, ”Талын манлайлагч”, ”Сэлэнгэ-2013”, “Khaan quest-2013” хамтарсан болон олон улсын сургуулиуд, “Монгол цэргийн жавхаа” уралдаан, ”Тусгай хүчний сургалтын төв”-ийн бүтээн байгуулалт, ”Асгатын мөнгөний орд”-ын замын ажил, "Монгол цэрэг бүтээн байгуулалтад" төслийн хүрээнд 40 айлын орон сууц, цэргийн алба хаагчдад энгийн мэргэжил олгох сургалт зэрэг бүтээлч ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ.

Суу билэгт эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, Хилийн чанадад эх орныхоо нэрийг өндөрт өргөн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчиддаа “Монгол цэргийн өдөр”-ийн баярын  дайчин цогтой мэндийг өргөн дэвшүүлье.   
Монгол цэргийн сүлд хийморь, цог золбоо  үеийн үед мандан бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш