Монголын анхны төрт улс Хүннүгийн үеэс буюу 2220 гаруй жилийн тэртээгээс алдар суугаа мандуулж, түүхээ түүчээлж ирсэн Монгол цэргийн өдөр, Ардын хувьсгалын галыг цахиж, харийн дайсныг эх орноосоо үлдэн хөөж ялалт байгуулсан Зэвсэгт хүчний 93 жилийн ой эх орон даяар өргөн дэлгэр болж, өчигдөр баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт хийлээ.
Дарийн утаа үнэрлэж, өнөө цагийн амар амгаланг алтан амь, бүлээн цусаараа дархалсан ахмад буурлууд хүндэтгэлийн суудалд тухалж, тэдний халааг нэр төртэй авч, эх орноо батлан хамгаалах ариун үүргийн зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа, дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн өнөө цагийнхан ёслолын хувцастай өнгө жигдэрсэн нь жавхаалаг харагдаж байлаа. Цэргийн хүн гэдэг дүрэмт хувцсаар төдийгүй сэтгэл зүрхээрээ цэргийн л байдаг. Үйлс зорилго нэгтэн Монголын дайчиддаа хүндэтгэл үзүүлэн олон орны цэргийн албаны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Монгол улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа Монгол цэрэг хэмээх дуурсалт алдрын эзэд Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчиддаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчиддаа, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, Монголын ард түмэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг хүргэн мэндчилээд, мөнхөд мандан бадрах эх орныхоо төлөө хамтдаа зүтгэхийн чухлыг айлтгалаа. Түүнийг БХ-ын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй Монголын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний төлөөлөл уухайлан дэмжлээ.
Мөн энэ өдөр нээлтээ хийсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр нь Монголын мянга мянган залуусын хүсэл сонирхол, итгэл үнэмшилд нийцсэн, цаг үеэ мэдэрсэн чухал ажил болж буйг онцлон тэмдэглээд Монголын оюутны холбооноос БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэд “Соён гэгээрүүлэгч”одон гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. Цомхон бөгөөд хүндэтгэлтэй нээлтийн дараа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын авьяаслаг уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо.