УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол гурав дараалан итгэл хүлээж сонгосон завханчууддаа цаг үргэлж тус дэм болохыг хичээж явдаг гэлцдэг. Тиймээс яам, агентлаг, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын хандив тусламжийн байгууллагад хандаж, тойргийнхоо олон асуудлыг шийдвэрлүүлсээр иржээ. Тэгвэл энэ удаа Д.Оюунхорол гишүүний нэг хүсэлт биеллээ олохоор болжээ.
Эрхэм гишүүн 2013 оны сүүлээр "Итгэл" хавдаргүй Монгол үндэсний сангийн тэргүүн, Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаад хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдартай тэмцэх асуудлыг онцгойлон анхаарч, хавдраар өвчилж, илаарших боломжгүй болсон олон хүнд тус дэм болж байгаад нь талархал илэрхийлсэн юм. Мөн Улаанбаатар хотоос алслагдсан, дэд бүтэц сул хөгжсөн аймгийн ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээнд шуурхай хамрагдаж чаддаггүй олон бэрхшээл тохиолддогоос шалгаалан хавдраар өвчлөгсдийн тоо улам нэмэгдэж байгаад сэтгэл эмзэглэж явдгаа илэрхийлж, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд тусгай багаж төхөөрөмж бүхий өрөөг тохижуулж өгөхийг хүссэн байна.
Д.Оюунхорол гишүүний хүсэлт биелж тус сангаас “Таны хүсэлтийг бид дэмжиж байна. Хорт хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж, өвчлөгсдийн 70-80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгааг анхааран үзэж, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 24 сая төгрөгийн санхүүжилт бүхий “Завхан-Сэтгэлийн дэм” төслийг 2014 оны I улиралд багтаан хэрэгжүүлэх боллоо. Төрөлх нутгийнхаа сайн сайхны төлөө санаачилга гарган бидэнтэй холбогдсон эрхэм гишүүн Д.Оюунхорол танд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэсэн хариу илгээсэн байна.
Тус сангаас уг төслийг “ОБИ” эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж бүхий хавдар, хөнгөвчлөх эмчилгээний зургаан ортой хоёр тасгийг байгуулж өгөхөөр тоног төхөөрөмж суурилагдаж эхэллээ. Энэхүү тасаг ирэх сарын 15-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн нээлтийн үеэр Монгол Улсын тэргүүн хатагтай Завхан аймагт айлчлах юм байна. Эрхэмсэг хатагтай нарынхаа гар нийлсэн ажилд өндөр амжилт хүсч, улам ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе.