Залуучууд сүүлийн үед өөрсдийн сонирхлоороо нэгдэж клубуудыг ихээр байгуулдаг болсон байна. Энэ нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийн хүссэн зүйлээ бусдаас суралцаж, мөн харилцан мэдлэг мэдээлэл солилцох, өөрийгөө хөгжүүлэх, шинэ найз нөхөдтэй болж хамрах хүрээгээ тэлэх, санхүүгийн асуудалд орохгүйгээр цагийг үр бүтээлтэй зугаатай өнгөрүүлэх боломжийг залуучуудад нээж өгч байгаа юм. Залуучуудын энэхүү үйл ажиллагааг дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах олон ажлуудыг зохион байгуулах зорилгоор Монголын Залуучуудын Холбоо энэ 3-р сарыг Клубүүдын сар болгон зарласан юм.
2014 оныг “Нэгдье” залуусаа уриатайгаар бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд он гарсаар МЗХ-ны дэргэдэх залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчдын клуб, залуу гоо зүйч, залуу наадгайчин, өглөөний хүн, номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб, Хөлбөмбөг сонирхогч залуус клуб зэрэг нийт 12 клубыг байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлж эхлүүлсэн байна. Энэ сарын хугацаанд их дээд сургууль, оюутны байраар явж залуусын сонирхлын олон клубууд байгуулах, идэвхижүүлэх тойрон аялал хийсэн бөгөөд нийт 15 клубыг шинээр байгуулж 200 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн байна.
Тэгвэл энэ 29-ний өдөр клубүүдээ тамга тэмдэгтэй болгох, мөн явган аяллыг зохион байгуулахаар болжээ. Клубын гишүүдээ танилцуулж, спиртыг биш спортыг дэмжиж нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлэх зорилгоор Төр хурх, Цэцээ гүн, Манзушир гэсэн маршрутын дагуу явган аяллаар явах юм байна.