Удаа дараагийн гэмт үйлдлүүддээ ял шийтгэл эдлэх нь бүү хэл үй түмэн хэрэг мандааж явдаг Мунзуй хочит Г.Нямдоржийг өчигдөр цагдаагийн тусгай ангийнхан отолт хийж барьж авчээ. Тэрээр хамгийн сүүлд мөрийтэй тоглосон, хүйтэн зэвсэг, мансууруулах бодис авч явсан хэрэгт сэжиглэгдэн ийнхүү саатуулагдсан байна. Түүний өмнө нь холбогдож байсан Пан Азийн аварга Д.Лхагва, иргэн З.Нямгэрэл нарыг хутгалсан болон “Шинэ дэлхий”телевизийн захирал Э.Энх-Эрдэнэ нарыг зодсон, УИХ-ын гишүүн рүү хутга барин дайрсан зэрэг хэргүүдэд нь үүсгэсэн хавтаст хэрэг алга болсон хэмээн шуугиж байсан ч ахин сэргээн шалгах болсон бололтой.
Сүүлийн үед ихээхэн газар авч байгаа бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, амь нас, эд хөрөнгө, гэр оронд нь заналхийлэх гэмт хэргүүдийн эхний эзэд ийнхүү эхнээсээ баривчлагдаж байгаа аж. Рекетчид буюу бусдыг дарамтлагч этгээдүүдийг өмнө нь Ц.Нямдорж сайдын үед эрэлхэг зориг гарган хурандаа Л.Мөнхбаатар нар “Центрпойнт” төвд баривчлан саатуулж, тухайн үед гаарч байсан дарамтлах, зодох, айлгаж сүрдүүлэх зэрэг зохион байгуулалттай гэмт хэргүүдийг бүрэн таслан зогсоож, бизнес эрхлэгчдийг айдас хүйдсээс аварч байсан билээ.
Тэгвэл энэ удаад ЦЕГ-ын дарга генерал Б.Билэгт, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Батсүх нарын шуурхай ажиллагааны үр дүнд олон тооны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд баривчлагдаж байна. Мөн саяхан “Эрдэнэт” үйлдвэрээс 1,8 сая ам.доллар авсан гэх Шөвгөр хочит Ж.Бат-Өлзийг баривчилсан бөгөөд дуучин Н.Батхишигийн гэрт мөнгө нэхэж очсон дарамтлагч этгээдүүдийг шалгаж эхэлжээ. Ийнхүү төрийн төмөр нүүрийг эрүүгийн элментүүдэд үзүүлж буйд иргэд ихээхэн талархалтай хандаж байгаа төдийгүй одоо л Монголын цагдаа жинхэнэ утгаараа ажлаа хийх боллоо хэмээн дүгнэж байна.