Монголын Залуучуудын Холбоо болон унадаг дугуйн төслийн багийнхан өнгөрсөн оноос эхлээд Улаанбаатараа унадаг дугуйтай болгож залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөх, эрүүл чийрэг бие бялдартай болгох, спиртыг бус спортыг сонгох, нийслэлээ эко хот болгох тал дээр олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн онд боловсруулагдсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн эхлэл энэ онд хийгдэхээр нийслэлийн ерөнхий төлөвлөлтөд ороод байгаа.
Тэгвэл унадаг дугуйг дотооддоо үйлдвэрлэдэг болсон байна. Залуучуудын дунд Никель Ганбаа нэрээрээ алдаршсан нэгэн залуу “Никель Ганбаа” ХХК-ийг 2010 онд байгуулж унадаг дугуй, мопедийн үйлдвэрийг туршилтаар хийж эхэлжээ. Ирэх сараас унадаг дугуйн үйлдвэрлэлээ бүрэн ашиглалтад оруулах юм байна. Энэхүү үйлдвэр нь өдөрт 100 дугуй үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ирэх 5-р сараас унадаг дугуйн худалдааг эхлэхээр болсон гэдгээ дуулгалаа.
Дугуйн нэрийг Zetro гэдэг бөгөөд Fixie /хотын унадаг дугуй/, уг дугуй нь S /Small/, L /Large/ хэмжээтэй бөгөөд дугуйн хамгаалалтын малгай буюу каскыг ч хийж байгаа ажээ.Унадаг дугуйтай Улаанбаатар төсөл үндэсний үйлдвэрийн дугуй Zetro–г дэмжин ажиллах бөгөөд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриаллаа. Ямартай ч сонирхсон залуучууд унадаг дугуйн захиалгаа энэ 28-аас 4-р сарын 5-ныг хүртэлх хугацаанд өгч болох юм байна.