logo
Хувиргасан амьд организмыг тодорхойлон шинжлэх лабораторитой боллоо

Хувиргасан амьд организмыг тодорхойлон шинжлэх лабораторитой боллоо

2014/05/13
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн “Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв” үүдээ нээгээд удаагүй байна.  Энэ төв нь үндэсний хэмжээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлага,бүтэц, монгол орны ургамал амьтны гаралтай хүнсний түүхий эд, материалын биологийн төрөл зүйлийн судалгаа, нийгэмд чиглэсэн үндэсний хэмжээний зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрдэм шинжилгээний бүрэн хүч чадал бүхий лаборатори ажээ. Энэхүү орчин үеийн, цоо шинэ лабораторийн үйл ажиллагаатай өнөөдөр БОНХ-ийн Сайд С.Оюун, БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд,Био аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх төслийн үндэсний зохицуулагч О.Билгүүн, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга С.Баярхүү болон тус хорооны ажилтан Ж.Сонормаа нар танилцлаа.

Тус “Хүнс судлалын төв” нь химийн бүрдлийн судалгааны лаборатори, молекул биологи, генетикийн лаборатори, дархлал, зохицуулах үйлчилгээний судалгааны лаборатори гэсэн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх юм. Түүнчлэн хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг илрүүлж, тодорхойлон шинжлэх юм. “Хувиргасан амьд организм” гэж орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг хэлдэг байна.   “Хүнс судлалын төв” –ийн Молекул биологи, генетикийн лаборатори нь амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний удмын санг судлах, баталгаажуулах, хүнсээр дамжин эмгэг үүсгэгч бичил биетэнтэй тэмцэх, хянах талаар судалгаа хийх, шилжмэл гентэй хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэдгээрийн эзлэх хувийг өндөр нарийвлалтай судлах ажээ. Тус төвд одоогоор дадлага туршлагатай 20 гаруй эрдэмтэн судлаачид ажиллаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш