-МАН, УИХ дахь МАН-ын бүлэг, “Стратеги” академиас “Хаврын академи”-ийг ХБНГУ-ын Фридих Эбертийн сантай хамтран зохион байгууллаа.Үүний хүрээнд ямар асуудлуудыг голчлон авч хэлэлцэв?
-Монгол Улсын хөгжлийн бодлого сэдэвт “Хаврын Академи”-ийг энэ сарын 14,15-ны өдөр зохион байгууллаа. “Хаврын Академи”-д Монгол, Германи, Норвеги улсын эрдэмтэн судлаачид, УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн газрууд, мөн ТББ-уудын төлөөлөл оролцож Монгол Улсын хөгжлийн асуудлыг эдийн засаг, нийгэм, засаглал, ногоон хөгжил гэсэн үндсэн дөрвөн хүрээнд авч үзсэн. Бидний урилгаар ХБНГУ-ын судлаач,доктор Алфрэд Пфаллер, Норвегийн судлаач доктор Хельге Редвик нар хүрэлцэн ирсэн.Тэд өөр өөрийн улсынхаа хөгжлийн загвар, бодлого төлөвлөлтийн асуудал, нийгмийн бодлого, нийгмийн баримжаат төрийн үүрэг, функцийн талаар илтгэл тавьсан.Тухайлбал, Норвегийн эрдэмтэн улсынхаа баялагийн сан ба тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, ХБНГУ-ын эрдэмтэн Социал демократ намын эдийн засаг, нийгмийн бодлого, үнэт зүйлсийн талаар илтгэлдээ тодорхой тусгасан байсан. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, МАН-ын нийгмийн бодлогын газрын дарга С.Чинзориг, Эдийн засгийн бодлогын газрын дарга Д.Даваасүрэн нар зүүн төвийн намын үзэл санааны платформ дээр суурилсан МАН-ын хөгжлийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн бодлогын тухай, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуун сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ мэтчилэн Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцээд нэгдүгээрт, УИХ, Засгийн газарт, хоёрдугаарт, улс төрийн намууд, олон нийтийн байгууллагуудад хандан гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцсэн.
-“Монгол Улсын хөгжлийн бодлого” гэдэг нь ард иргэд, бүх нийтийн эрх ашигт нийцсэн, аль ч улс төрийн нам төрийн эрх барьсан хамаагүй мөрдөж ажиллах нэгдсэн баримт бичиг болох ёстой.Тиймээс цаашид та бүхэн үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах уу?
-Хаврын Академиас гаргах зөвлөмжийн төсөлднэгдүгээрт 2015 оноос өмнөх Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийн асуудлаар, хоёрдугаарт 2015 оноос хойшхи хөгжлийн бодлогын асуудлаар улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоотой үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг ирэх сард багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргаж байгаа. Стратеги академи ойрын үед “Хаврын Академи”-ийн илтгэл, зөвлөмжийг Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр эмхэтгэн гаргаж олон нийтэд хүргэх болно.
-Ер нь манай улсад дагаж мөрдөөд хэрэгжүүлдэг бол улс төрийн намуудад ч, мөн салбар бүрт ч бодлого, хөтөлбөр бий.Та бүхний боловсруулах гээд байгаа “Монгол Улсын хөгжлийн бодлого” үүний нэгэн адил хэрэгждэггүй баримт бичиг болох вий гэж санаа зовж байна. Энэ талаар...?
-Монгол Улс 2008 онд “Үндэсний хөгжлийн цогц бодлого /ҮХЦБ/-ыг УИХ-ын 12 тоот тогтоолоор батлан гаргасан.Энэ бодлогод Монгол Улсын хөгжлийн эхний үе шатыг Мянганы хөгжлийн зорилт /МХЗ/-ыг хангах үе шаттай хамтатган 2007-2015 онд хэрэгжүүлэхээр тооцсон байдаг.Тиймээс ч одоо дараагийн үе шатны асуудал яригдаж байна.2015 он ойртох тусам МХЗ-ыг цаашид хэрхэн амжилттай үргэжлүүлэх арга замын талаар бусад улс оронд янз бүрийн төвшинд хэлэлцүүлэг өрнөж байгаа.Манай улсын хувьд ч ҮХЦБ-доо дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгжүүлэх явцад гарсан алдаа сургамж, туршлагаа дүгнэж цаашдын зорилт бодлогоо шинэчлэн тодорхойлох шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм.Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгийг “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Оролцогчдын зүгээс ҮХЦБ-д дэвшүүлсэн зорилтуудын агуулгыг нарийвчлан нэн даруй шинэчлэн батлах, Засгийн газар, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл, жирийн иргэд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын оролцоог хангах үндэсний хэмжээний механизмыг бий болгох зэрэг санал гаргасан.
-УИХ-аас 2007-2040 он хүртэл баримтлах “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байдаг.Гэтэл үүнийг эрх баригч нам сөхөж харахгүй, мөрдөхгүй байх шиг.Тусгагдсан зүйл нь АН-ын үзэл баримтлалтай зөрчилддөг юм болов уу?
-Тийм тохиолдол олон байгаа.Тиймээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөгжлийн зорилтын тухай зэрэг хуулийг УИХ, улс төрийн намууд нэн даруй хэлэлцэж Монгол төрийн хөгжлийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна.Мөн хөгжлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, шинээр боловсруулах ажлыг зохион байгуулахдаа нийтлэг зарчмуудыг мөрдлөг болгох тухай “Хаврын Академи”-д оролцогсод онцолсон. Тухайлбал, хөгжлийн залгамж чанарыг хадгалсан, шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээнд суурилсан, иргэдийн ил тод, нээлттэй оролцоог хангасан, улс төрийн бүх нам, хүчин, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангасан байх, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, хариуцлагатай, олон жил мөрдөгдөх эрх зүйн акт болон хэлбэржсэн байх зэргийг санал болгосон.
-Гадны эрдэмтэд хэлэлцүүлгийн үеэр “Аж үйлдвэрийг хөгжүүл, төр харин дэмжих салбараа зөв сонгох нь чухал” гэсэн зөвлөгөө өгч байсан.Манай улсад уул уурхайгаас гадна төрийн зүгээс дэмжээд өгвөл эдийн засагт багагүй жин дарахаар ямар салбар байгаа вэ?
-Яг аж үйлдвэрийг хөгжүүл гэсэн зөвлөгөөг өгөөгүй л дээ.Эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудал түлхүү яригдсан.Эдийн засагт голлох үүрэгтэй салбараа тодорхойлох, энэхүү салбараа системтэйгээр хөгжүүлэх асуудлын тухай хэлэлцсэн.Ер нь өмнө нь боловсруулсан буюу дээр хэлсэн Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд стратегийн салбарын тухай асуудал онцгойлон тусгаагүй байсан гэж хэлж болно.Тиймээс ч зарим Засгийн газар өөрсдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн популист амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, нэгдсэн бодлогогүй, төрийн бодлогын залгамж чанар гэдэг зүйл алдагдаж ирсэн.Жишээлбэл, доктор Пфаллер илтгэлийнхээ төгсгөлд “Монголчууд мэдээллийн технологийн салбараа хөгжүүлбэл, хүн ам цөөнтэй, алслагдмал байрлалтай орны хувьд зохимжтой байж магадгүй” гэсэн санааг хэлж байсан.Манай улсаас ямар нэгэн давуу талыг олж харсан болохоор ийм санаа хэлсэн байх гэж бодож байгаа.
-Бусад улс орныг ажиглаад байхад эрдэс баялаг, үйлдвэрлэл гэх механик зүйлээ хөгжүүлэхээс гадна иргэнийхээ бизнесийн боловсрол, соёлд анхаарах болж.Энэ нь ч эдийн засгийн өсөлтөд нь маш их нөлөөлдөг юм байна.Харин манай улс энэ талд төдийлөн анхаарахгүй байх шиг санагддаг.Хэлэлцүүлгийн үеэр энэ тухай яригдав уу?
-Ер нь гаднаас ирсэн хоёр эрдэмтний өгсөн зөвлөгөө нь үүнд чиглэгдэж байсан гэхэд болно.Тухайлбал, доктор Пфаллер “Дэлхийн II дайны дараах Герман орон эдийн засгийн хувьд сүйрээгүй байсан” хэмээн ярьсан.Гэтэл дайны дараах Герман орон ямар байсныг бид бүгд мэднэ.Хот балгад нь үнс, нурам болчихсон, үйлдвэр заводууд нь бөмбөгдөлтөд өртөж санхүүгийн систем гэж огт байхгүй болсон шүү дээ.Гэтэл яагаад эдийн засаг сүйрээгүй байсан хэмээн ярьсан бэ гэвэл дайны дараах Герман оронд мэргэжлийн ажиллах хүч, үйлдвэрлэлийн технологи, нарийн мэргэшсэн менежерүүд бэлэн, тэдний уялдаа холбоог хангах систем, бодлого нь байсан.Чухам үүнийхээ ачаар л үнс нурман доороос маш хурдан сэргэж үйлдвэрлэлийн гайхамшгийг бүтээсэн.Норвеги улс ч үүний адилаар газрын тосоо олборлож, гадаад орнуудаас хараат болгохгүйн тулд газрын тосны салбарын мэргэжилтэн болон технологийг хөгжүүлэхийн тулд ихээхэн хүч чармайлт гаргасан юм билээ.
-Норвеги улс газрын тосоороо дэлхийд алдартайг иргэд мэдэх байх.Харин тус улс баялгийн сан гэж байгуулж газрын тос олборлосны татвар, түрээсийг хуримтлуулдаг тухай доктор Хельге Редвик хэлсэн.Тэгвэл та бүхний боловсруулах хөгжлийн бодлогод энэ талаар юу гэж тусгах вэ.Манай эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг бол уул уурхайн салбар шүү дээ?
-Мэдээж хэрэг өнөөгийн байдлаар уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн гол салбарын нэг болоод байгаа.Харин бид бусад улс төрийн нам, хүчин болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран боловсруулах хөгжлийн бодлогод уул уурхайн салбар голлох үүрэгтэйгээр тусгагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна.Гэхдээ Норвегийн туршлагаас харахад эрдэс баялаг бол хязгаарлагдмал нөөцтэй баялаг байдаг.Тиймээс хэзээ нэгэн цагт дуусах болохоор энэхүү салбараас олсон ашгийг ирээдүйд олох ашгаа санхүүжүүлэхээр хадгалах нь туйлын зөв бодлого. Харин ирээдүйд чухам юуг стратегийн голлох салбар болгон авч хөгжүүлбэл Монгол Улсад ашигтай, бид ямар давуу талтай, юуг бусдаас илүү хийж чадах вэ гэдгийг судалгаа шинжилгээ, тооцооны үндсэн дээр боловсруулан, хөгжлийн бодлого болгон гаргах нь улстөрчдийн гол үүрэг байх нь дамжиггүй юм.
-Норвеги улсын хувьд дэлхийд гуравдугаарт орох газрын тос экспортлогч бөгөөд гадны улс оронд ямар ч өргүй. Энэ оронд авлигын асуудал байхгүй, засаг захиргааны институтууд найдвартай ажиллаж, ард иргэд нь хангалуун чинээлэг амьдардаг.Байгалийн баялгийн хишгийг сайн хүртэж ирсний гол шалтгаан нь анх 1960-аад онд Хойд тэнгист газрын тос илэрч эхлэх үеэс эдийн засаг, улс төрийн институтууд зөв, найдвартай, тогтвортой оршин тогтнож ирснийх гэж үздэг.Сангийн зарцуулах хөрөнгө нь ойролцоогоор 200 тэрбум евро буюу 255 тэрбум ам.доллар гээд бод л доо.Дэлхийн хэмжээнд худалдаалагдаж байгаа үнэт цаасны 0.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулах эрх сангийн захиралд байдаг.Сангийн жилийн ашгийн тал хувь нь Норвеги улсын төсөвт ордог гэсэн.Норвегийн сангийн бас нэг онцлог нь иргэний нийгэм, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, парламентын хүрээнд асуудлаа ярьж тогтсон, ил тод байдлыг бүрэн хангасантай холбоотой.Норвеги улс өрсөлдөх чадварын индексээр 124 орноос 12 дугаарт жагсч байгаа бөгөөд эдийн засгийн хөгжлийн зорилтыг ханган биелүүлэхэд сангуудын менежментийг чиглүүлдэг.Тиймээс ажилгүйдлийн төвшин ч харьцангуй бага, инфляцийн жилийн дундаж 1.7 хувьтай байдаг юм байна.Үүнээс харахад Норвеги улс баялгийн хараалыг тойрч чадсан байна.
-Тиймээс Норвегийн баялагийн сангийн удирдлга, менежментээс Монголчууд бидэнд сурах, санаа авах зүйл их байна. Тэгж чадвал Монголчууд бид “Голланд өвчин”-д нэрвэгдэхгүй, баялагийн хараал хүрэхгүй хөгжих боломж, нөхцөл байсаар байгааг хурдан ашиглах л хэрэгтэй байна.
Хаврын Академийн дараа өдөр Монгол дахь зүүний үзэл баримтлалтай улс төрийн намуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал сэдэвт форум болсон хэдэн нам оролцов, ямар үр дүн гарав?
“Хаврын Академи”-ийн төгсгөлд 16-ны өдөр Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргаЖ.Мөнхбат нарын санаачилгаар улс төрийн намуудын Үндэсний зөвшилцлийг бий болгох бодлогын хүрээнд Монгол дахь зүүний болон зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудыг урьж Доктор Алфрэд Пфаллер, Хельге Регвик нар “Норвеги Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого”, Социал демократ намын нийгмийн бодлого, үнэт зүйлс, зорилт, зарчим” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Форумд МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа,МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр, ХМХН-ын дэд дарга Н.Одсүрэн, МСДН-ын төлөөллүүд оролцож эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын талаар илтгэл тавьсан.
Форумд оролцсон намуудүндэсний зөвшилцлийн хүрээнд нэгдэх, зүүний үзэл баримтлал бүхий улс төрийн намуудын хувьд үзэл санааныхаа платформ дээр ойртон нягтарч,ажиллах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн нь ихээхэн ач холбогдолтой зүйл боллоо гэж оролцогчид дүгнэсэн.