logo
Монгол үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүдийг Бээжин хотын томоохон худалдааны төвүүдэд борлуулна

Монгол үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүдийг Бээжин хотын томоохон худалдааны төвүүдэд борлуулна

2014/06/09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл албан ёсны айлчлалынхаа хүрээнд  Бээжин хотын дарга Ван Аньшүньд тодорхой төслүүдэд хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу  Бээжин хотын орлогч дарга Чэн Гань “Бээжин хот найрсаг харилцаатай хотууддаа хотынхоо томоохон худалдааны төвүүдэд 1000 шоо метр хүртэл талбайд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ зарж сурталчлах эрх олгодог. Саяхан Лондон хот энэ төсөл дээр хамтран ажилласан. Энэ нь тодорхой хугацаанд өөрсдийн бизнес эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнээ борлуулах,  экспортлох боломж хайх, хөрөнгө оруулагчдыг татах зэргээр худалдаа, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Бид энэ төсөлд Улаанбаатар хоттой хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Бээжингийн гудамж төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд хятад барилгачдын дурсгалын самбар барих хүсэлт тавьсныг хотын дарга дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Хотын даргын албан ёсны айлчлалын хүрээнд  Улаанбаатар хот, Бээжин хотуудын  хамтын ажиллагаа улам өргөжиж, хот төлөвлөлт, дэд бүтэц, соёл, боловсрол, ногоон байгууламж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон юм.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бээжин хотын дарга, ноён Вань Аньшүнийг  Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойд хүрэлцэн ирэхийг урьлаа. Харин энэ оны  8-р сард Улаанбаатар хотноо болох Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын уулзалтад Бээжин хотын орлогч дарга Чэн Гань оролцох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш