Засгийн газрын ээлжит хуралдаан зургаадугаар сарын 7-ны Бямба гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
- 'Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төрийн болон орон нутгийн өмчийн хуульд зааснаар УИХ бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 32 аж ахуйн нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
· Боомтын нэгдсэн захиргааны харьяанд “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа. Боомтын хөгжлийн төвийн үйл ажиллагааг Хилийн боомтын тухай хууль, холбогдох тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг, Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай нарт даалгалаа.
· 2014 онд хийгдэх авто замын ээлжит болон их засварын ажлаас нэн яаралтай засч шинэчлэх шаардлагатай Улаанбаатар-Дархан, Эрдэнэсант-Арвайхээр, Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замын шинэчлэлт, засварын ажилд шаардагдах 17.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт үүрэг болголоо
· Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд тус хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.
· Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд үзэл баримтлалыг холбогдох хуулийн дагуу батлахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт даалгалаа.
· Нууц мэдээллийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай асуудлыг хэлэлцээд дэмжин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт батлахыг даалгав.
· Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид 2010 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр болж орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.