logo
Консулын газрын захирал Ш. Сүхбаатар БНХАУ-ын Гуандун мужид ажиллав

Консулын газрын захирал Ш. Сүхбаатар БНХАУ-ын Гуандун мужид ажиллав

2014/06/11

Макаотай байгуулсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай Засгийн газар хоорондын  хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх асуудлаар Макаогийн Аюулгүй байдлын газрын удирдлагуудтай тодорхой тохиролцоонд хүрсэн ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар 6 дугаар сарын 10-нд БНХАУ-ын Гуандун мужийн Ардын засгийн ордны Гадаад харилцааны  газрын Дэд дарга Ху Вэйтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Гуандун муж нь манай өмнөд хөршийн эдийн засгийн гол төв бөгөөд Хятадын эдийн засгийн дөрөвний нэг, төсвийн орлогын долооны нэгийг дангаараа бүрдүүлдэг, 100 сая хүн амтай хүчирхэг муж юм. Энэ мужийн төв Гуанжоу хотод гадаадын 49 орны консулын газрууд ажиллаж байна.

Монгол Улс харилцан өсөн нэмэгдэж байгаа худалдаа, эдийн засгийн харилцаа, зорчигчдын урсгалыг харгалзан Гуанжоу хотод консулын төлөөлөл нээх боломжийг судалж байгаа бөгөөд энэ хүрээнд Ш.Сүхбаатар захирал Дэд дарга Ху Вэйтэй тодорхой асуудлуудаар санал солилцлоо.

Консулын газрын захирал Гуандун мужид ажиллах үеэрээ тус мужийн эмэгтэйчүүдийн төв хорих болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Стэнли хорих газарт ял эдэлж байгаа иргэдтэйгээ уулзаж санал хүсэлтийг нь сонслоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш