logo
Бразилийн 18, хүүхдийн парк, унадаг дугуйн замын тухай бодож үзсэн болов уу?

Бразилийн 18, хүүхдийн парк, унадаг дугуйн замын тухай бодож үзсэн болов уу?

2014/06/13

Ажил гэхээр үстэй толгой нь арзайж, амралт зугаалга гэхээр нүд нь сэргэдэг хотын удирдлагуудтай 2 жилийг өнгөрөөлөө. Улс орон эдийн засгийн хямралд ороод ард түмэн талхаа таллаж авч байхад зарим нэг эрх ямбатанууд иргэдийн татварын мөнгөөр Бразилд болох хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн үзнэ гээд чимээгүй гэтдэг нохой шиг явах гэж байгаад баригдлаа. Сайндаа ч ил гараагүй болов уу? нэр нь ороогүй нөгөө хэд нь атаархсандаа матаа биз. Ямартай ч энэ байдал олон хүний зэвүүн дургүй хоёрыг зэрэг хөдөлгөж, загтнасан газар нь майжив гэдэг шиг л юм боллоо.

Сошиал ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслийн халуун сэдэв болж байгаа Бразилийн 18 нийслэлд тулгамдаад байгаа асуудал, залуусын өрнүүлээд байгаа уриалга, дуу хоолойг сонссон болов уу? Амралт зугаалга нүдэнд нь харагдаад ажлаа умартаа биз. Аазгай нь хөдөлсөн ард түмэн ширүүхэн шүүмжлэлийг хүртээж байгаа бөгөөд хамгийн хүчтэй нь МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатын жиргээ байсан юм. Энэ асуудал дээр залуусын байгууллага хүчтэй сөрөг хүчин байх нь аргагүй, нийслэлд тулгамдаад байгаа хамгийн том 2 асуудал болох хүүхдийн парк, унадаг дугуйн замын тухай гаргаж тавьсан боловч нэг ч удирдлага нүднийхээ булангаар ч хялааж хараагүй. Ард түмний амыг таглах гэсний үнэхээр бухимдал төрсөн үү УИХ-ын дарга маань “Дарханы ИТХ-ын төлөөлөгчид Дубай руу зугаалсныг аудит шалгаад өөрсдөөр нь төлүүлэхээр болсон. Бразил явсан ИТХ-ын төлөөлөгчид ялгаагүй хувиасаа төлнө” гэсэн жиргээг нисгэлээ. Гэхдээ Бразилийн 18 дунд аудит нь өөрөө явж байгаа шдээ, тэгэхээр яана гэсэн үг үү?   

Алдарт 18-ын дунд бүх намын төлөөлөл багтсан учраас сөрөг хүчин шантаажлахгүй байгаа нь тодорхой. Алдарт 18 ч дор бүрнээ, өөр өөрсдийхөө хаяаг манаад хамаг бурууг дарга Д.Баттулгадаа тохохоор шийдсэн гэлтэй хэл амаа билүүдэж байгаад нэгэн дуугаар “Бид нар мэдээгүй, явна гэж хэлээгүй байхад хүчээр явуулах гэж байна, бидэнд явах сонирхол алга” гэсэн цэцэрлэгийн хүүхдийг хуурах гэж байгаам шиг юм ярилаа. Анх гарч ирэхдээ бүхнийг нийслэлийн иргэдийн төлөө уриан дор хийх болно гэж иргэдийн танхимд том дуугаар цуурайтуулан хэлж байсан “Үүл” баатар хаачив. Цаана чинь ард түмний мөнгийг амарч зугаалахад баруун солгойгүй цацаад дуусгаж байна. Хайран мөнгө энэ мөнгөөр хүүхдийн паркийг өргөжүүлж, Унадаг дугуйн зам иж бүрэн зогсоолын хамт байгуулж нийслэлийг залуусын хот болгох боломж нээлттэй байлаа. Ингэж аашилж байгаа дарга нар дараагийн удаа залуусын дэмжлэгийг л лав авахгүй нь лавтай. Залуусын төлөө худлаа амласан, ард иргэдээ хуурсан хотын удирдлагууд цаашид бидэнд хэрэггүй. Үүл дарга нэгийг бодож, хоёрыг тунгаамаар болж дээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш