logo
Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

2014/06/16

Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд нэмж оруулах нэр томъёог, үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тусгаж, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг тусгажээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ хэмээн үзэж байна.

Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, хэл, соёл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг дэмжих зорилгоор хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Мөн кино театр, үзвэрийн цэгүүдийн дэлгэц тус бүрээр түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 50-аас доошгүй байхаар тусгажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш