logo
МҮОНТ-д NHK интернэшнл корпораци 390 нэвтрүүлэг нийлүүлнэ

МҮОНТ-д NHK интернэшнл корпораци 390 нэвтрүүлэг нийлүүлнэ

2014/06/17

Монгол Улсын Засгийн Газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага Жайкатай хамтран “МҮОНТ-ийн нэвтрүүлгийн санг баяжуулах төсөл”-ийг  хэрэгжүүлж  байгаа.

Төслийн хүрээнд Япон улсын буцалтгүй тусламжаар NHK интернэшнл корпораци МҮОНТ-д боловсрол, танин мэдэхүй, сургалтын төрөлжилт бүхий нийт 390 нэвтрүүлэг нийлүүлэхээр боллоо.  
 
Уг контент нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр МҮОНТ болон NHK интернэшнл корпораци хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.
 
Ёслолын ажиллагаанд МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, МN2 телевизийн захирал Ц.Лхагвадаш, Япон Улсын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мукай Шиничи, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Ахлах төлөөлөгч Като Тошинобу нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.  
 
Мөн энэ үеэр МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар нэвтрүүлэг нийлүүлэхээс гадна хамтарсан уран бүтээл хийх боломж байгаа талаар дурдсан бол NHK интернэшнл корпорацийн захирал Тасака Томатака “Цаашид хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн, томоохон уран бүтээлүүд дээр хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.   
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш