logo
Шилэн дансны тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

Шилэн дансны тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

2014/06/19

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2014.06.18/ үдээс хойш хуралдаж Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцууллаа.
Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.
Мөн улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ 7 хоногийн дотор олон нийтэд нээлттэй, ил тод цахим сайтанд тавигдаж иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлэхээс гадна татвар төлөгчдийн хөрөнгө болон төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулах байдал багасах бөгөөд авлига, хээл хахуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байгаа болно.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч. Хүрэлбаатар, Д. Дэмбэрэл нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Л. Эрдэнэчимэг, С. Баярцогт, Д. Хаянхярваа нар төслийг хэлэлцэхийг дэмжиж саналаа хэллээ. Хэлэлцүүлэг хийхдээ гарсан шийдвэрийн агуулга , үнийн дүн, зорилго өөрчлөгдвөл дахин мэдээлж байхыг тусгахыг санал болголоо.

Дараа нь Засгийн газрын 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ч. Улаан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулснаа танилцууллаа.

Монгол Улсын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээр бонд гаргаж санхүүгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхэд татварын дарамт үүсгэж, бонд гаргагчийн ашигтай ажиллах хууль эрх зүйн орчныг муутгаж байх тул арилжааны банкнаас гаргах бондын хүүг аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх саналыг ирүүлжээ.
Иймд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах нь татварын тэгш шударга байх зарчмыг хангана гэлээ.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш