Олон улсын хөрөнгө оруулагчид, дотоодын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид оролцсон “Бизнесийн дээд хэмжээний уулзалт” өнөөдөр /2014.06.19/ Улаанбаатарт эхэллээ.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайдын дэргэд 30 гишүүнтэй Эдийн засгийн зөвлөл байгуулагдсан. Гишүүдийн олонх нь бизнес эрхлэгчид юм. “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг Монголын эдийн засгийн форум болон тус зөвлөлөөс зохион байгуулж буй бөгөөд гадаадын 50 гаруй банк, хөрөнгө оруулалтын компаниуд оролцож байна.
“Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж, Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ өсөлт ард иргэдэд хүрэх нь чухал юм гэж хэллээ.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газар бизнес эрхлэх орчныг тогтвортой, таатай болгох, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд учирч буй саад бэрхшээл, дарамтыг зогсоохын төлөө ажиллаж байна. Засгийн газар долоо хоногт хоёр удаа хуралдаж бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн шийдвэр гаргаж, 23 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна гэлээ.
Монгол орон гэхээр гадаадынхан уул уурхайн орд, газрын дорх баялгаар төсөөлдөг. Уул уурхайгаас гадна олон салбарт Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжтойг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд төлөөлөгчдөд амжилт хүслээ.
Төлөөлөгчдийг хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцуулахаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулагчид Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, төмөр зам зэрэг мега төслүүдэд ач холбогдол өгч байгаагаа мэдэгдэж байна. Энэ уулзалт нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, шинэ бүтээн байгуулалтын талаарх үнэн бодит мэдээллийг өгөх, хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх бодит нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Бизнесийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна.