logo
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

2014/06/23
2014 оны зургаадугаар сарын 21-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын  ээлжит XXXII хуралдаанаар  дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.  Зээлийн батлан даалтын сан нь 2014 оны эхний хагас жилийн урьдчилсан байдлаар нийт 169 иргэн, аж ахуйн нэгжийн 26,4 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалтыг хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гаргаж, 500 орчим иргэн ажилтай болсон хэдий ч зээлийн батлан даалтын өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг төдийлөн хангахгүй байна.

 Иймд Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн орон нутгийн хөгжлийн талаарх санаачилгыг нэмэгдүүлэх, орон нутагт зээлийн батлан даалтын үйлчилгээг хүргэх боломжийг эрх зүйн хувьд бүрдүүлэх нэн шаардлагатай гэж үзэж байна.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зээл, хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор тус санд хөрөнгө хуваарилах, хөрөнгийг орон нутгийн зээл хүсэгч иргэдийн зээлд батлан даалт гаргах харилцааг журмаар зохицуулахаар тусгажээ. Тус журмыг тухайн шатны Засаг дарга, Зээлийн батлан даалтын сангийн удирдах зөвлөлтэй хамтран батлах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн тус сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд банкны холбооны төлөөллийн оролцоог хангах, үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллийг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс өөрчилж, хуульд заасан чиг үүргийн дагуу сангийн үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих чиг үүргийг нь гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах үүрэг бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг 2012 оны 02 дугаар сард баталсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш