Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улс дахь АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр саяхан томилогдон ирсэн Гречин Күнз, тус хүрээлэнгийн төвийн Ардчилсан засаглалын ахлах зөвлөх Ашлей Велан нар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзсан юм.
Монгол уламжлалын дагуу холын хүний үгийг түрүүлж сонсдог заншлаар эрхэм зочдыг эхэлж үгээ хэлэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан урилаа. Хатагтай Гречин КүнзБүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ирээд удаагүй байгаагаа дуулгаж, Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын анхнаас тус хүрээлэн монголчуудтай нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байдаг гэлээ. Уулзалтын үеэр авлигатай тэмцэх болон ардчилсан өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, ардчиллын туршлагаасаа бусад оронтой хуваалцах чиглэлээр Монголын талаас явуулж буй үйл ажиллагааны талаар ярилцлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хатагтай Гречин Күнзэд ажлын амжилт хүсч Монгол Улсыг тоталитар дэглэмээс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжихэд тус хүрээлэнгийн зүгээс болон Конрад Аденауэрийн сангаас үзүүлсэн дэмжлэг туслалцаанд талархаж явдгаа илэрхийлэв.
Хэдийгээр Монгол Улс бусад улс оронд хэрхэн хөгжихийг нь заахгүй ч тоталитар дэглэмд байсан үеийнхтэй нь ижил төстэй нөхцөл байдалд оршиж буй орнуудын бэрхшээлийг нимгэлэх, ардчилалд шилжин орох замыг нь дөт болгох үүднээс өнгөрсөн 24 жилийн туршлагаасаа хуваалцах боломжтой төдийгүй хуваалцаж ч байгаа талаар тэрээр ярьсан юм. Тухайлбал, Мъянмар улстай туршлагаасаа хуваалцан тус улсын сэтгүүлчдийг Монголд ирүүлэн сургалтад хамруулсан гэлээ. Үүний сацуу Мъянмарын ардчиллын удирдагч, Нобелын шагналт хатагтай Ан Сан Су Чи Монголд ирж, ардчилалд тулгарч байгаа бэрхшээл, түүнээс гарах арга замын талаар ярилцаж байсныг дурдлаа. Мөн Киргиз улс Монголын ардчилал, ардчилсан сонгууль, иргэний нэгдсэн бүртгэлийн туршлагаас хуваалцаж байгаа болон Киргизэд Монгол Улсын ерөнхий консулын газар нээгдэж байгаа талаар дурдаж байлаа.
Хатагтай Гречин Күнз өнгөрсөн 24 жилд Монголд гайхалтай өөрчлөлтүүд гарсныг онцлоод Монгол Улс ардчиллыг жинхэнэ утгаар нь өөрийн хөрсөн дээр буулган бодит утгаар нь хэрэгжүүлж, бүс нутагтаа ардчиллын бамбар нь болон гэрэлтэж байгаад талархал илэрхийлэв. Ардчилал эрт хөгжсөн бусад оронтой харьцуулахад Монголын ардчиллын туршлага “будаг нь ханхалсан”, шинэ сэргэг, амьд гэдгээрээ онцлог, бусад оронд үлгэр дуурайлал үзүүлэхүйц гэдгийг мөн тэмдэгэлсэн юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Төрийн тэргүүний санаачлагаар Том төрөөс ухаалаг төр рүү шилжих алхмуудыг хийж байгаа, мөн сонгуулийн ардчиллаас шууд ардчилалд шилжих шилжилтийг эхлүүлж, орон даяар шууд ардчилал, иргэний оролцоог хангах ажлыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхлээд байгааг тэмдэглэлээ.