logo
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал дэмжигдлээ

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал дэмжигдлээ

2014/06/27

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.06.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.

  Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг юм. Бодлогын баримт бичигт эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа, эмийн зохистой хэрэглээ, хүртээмж, хангамж, худалдан авах боломж, эм зүйн салбарын зохицуулалт, засаглал, хяналт үнэлгээ зэрэг асуудлыг тусгажээ.

  Байнгын хороо бодлогын баримт бичгийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналыг тусган зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй зарим саналын томъёолол бэлтгэснийг нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

  Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав. Эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар хийхэд үед байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал дэмжигдсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь байнгын хорооны горимын саналыг дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Хуулийн энэхүү өөрчлөлтөөр төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь Монголын ард түмний уламжлал, ёс заншил, үндэсний онцлогийг харуулсан бахархал, хүндэтгэлийн арга хэмжээ учраас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслолын журмыг баталж байхаар болж байгаа юм.

  Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцууллаа.

  Засгийн газар “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2-т “Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах” гэснийг нэмэхээр энэ хуулийн төслийг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүдийн саналын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжсэн байна.

 Харин хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийг хамруулаагүйн учир шалтгааны талаар тодруулсан гишүүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өгсөн хариултдаа, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт жилдээ 13.9 тэрбум төгрөг төвлөрүүлдэг бөгөөд үүний 3.9 хувийг банкууд төлдөг. Уг нь аж ахуйн нэгжүүд илүү татвар оруулдаг, үүнийг цаашдаа анхаарч үзэх нь зүйтэй юм. Гэхдээ байнгын хорооны гишүүдээс энэ талаар бичгээр зарчмын зөрүүтэй санал гаргаагүй учраас санал хураалт явагдаагүй гэдгийг хэллээ.

  Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.6 хувь нь байнгын хорооны горимын саналыг дэмжсэн бол 56 гишүүний 31 нь буюу 55.4 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжсэнээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш